БУЛГАН: Гурванбулаг сумаас гурван үе дамжсан “Улсын аварга” малчин тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2026-02-11 11:57:01

Булган, 2026 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Хойд бүс буюу Булган, Хөвсгөл, Орхон аймгаас “Улсын хошой аварга малчин” нэг, “Улсын аварга малчин” 19 төрөн гарлаа.


Булган аймгаас зургаан “Улсын аварга малчин” төрөн гарсны нэг нь Булган аймгийн Гурванбулаг сумын Агьт багийн малчин Бадарчийн Эрдэнэбилэг болж байна.


Өнөөдөр түүний удам дамжсан өвөлжөөнд “Улсын аварга” малчны цол тэмдэг, тууз, цомыг гардуулан өглөө. Ингэснээр Гурванбулаг сумаас төрсөн 20 дахь “Улсын аварга” болсон юм.


Шинэ аварга Б.Эрдэнэбилэг болон түүний гэргий П.Энхтуяа нар 35 жилийн турш мал аж ахуйн салбарт хөдөлмөрлөж байна. Тэрээр эцэг эхээс хөрөнгө болгон өгсөн 100 толгой мал сүргээ үр төлөөр нь өсгөн үржүүлж 2008 онд Мянгат малчин болсон амжилтаа өнөөг хүртэл хадгалж, малыг удам гарвал, ашиг шим, бие бялдраар нь шилэн сонгох болон малыг эмчлэх ардын уламжлалт аргыг эзэмшиж, төл малыг бойжуулахдаа хашихгүй задгай аргаар бойжуулдаг, отор нүүдлийг тогтмол хийж, малын тарга хүчийг жигд сайн авахуулдаг удам дамжсан малч ухаантай тэргүүний малчин гэр бүлийн нэг.


Мөн төр захиргааны байгууллагатай хамтран ажиллаж, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийг малжуулах, тэдний амьдрал ахуйг дэмжихэд анхаарч хамтран ажилладаг байна.


Эднийх адуун сүргээ сүхбаатар угшлаар, үхэр сүргээ сэлэнгийн сүү, махны чиглэлийн бухаар, хонин сүргээ эдильбай үүлдрийн хуцаар, ямаан сүргээ эрчмийн хар үүлдрийн ухнаар сайжруулан өсгөж, сум орон нутгийнхаа малчдад үр төлөөс нь худалдаж нутгийн малын үүлдэр угсааг сайжруулахад хувь нэмэр оруулсан байна.


Б.Эрдэнэбилэгийн гэр бүл малаас гарах ашиг шимийг бүрэн дүүрэн ашиглаж сүүлийн жилүүдэд 1 хониноос 1,2 кг ноос, 1 ямаанаас 300-350 гр ноолуур, гүүнээс 100 л саам,  үнээнээс 250 л сүү сааж, 1 үхрээс гарах махны гарц 20-30 хувь нэмэгдсэн нь нутгийн монгол малын стандартын дундаж хэмжээнээс 8-13 хувь дээгүүр үзүүлэлттэй байгаа бөгөөд малынхаа үүлдэр угсаа чанарыг сайжруулахад анхаарч ирсний үр дүн юм.

 

Тэрээр энэхүү арга ухааныг ааваасаа өвлөн авсан бөгөөд түүний эмээ болон аав нь нутаг усандаа хүндлэгдсэн “Улсын аварга” малчид байжээ. 


Түүний амжилтыг үнэлж 2008 онд сумын шилдэг залуу малчин, 2009 онд Монголын залуучуудын холбооны шилдэг залуу малчин алтан медаль, 2010 онд сумын сайн малчин, 2020 онд аймгийн сайн малчнаар шагнасан байна.

 

Улсын аварга малчны шагналыг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, ИТХ-ын дарга Ж.Ганболд, Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн хэлтсийн дарга М.Жавзандолгор болон Гурванбулаг сумын удирдлагууд гардуулсан байна. 











Холбоотой мэдээ