ДЦС-V төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас ДЦС-V төслийн санхүүжилтэд шаардагдах 200 тэрбум төгрөгийн бонд гаргах эрхийг нийслэлд олголоо.
Энэхүү төсөл нь Өрийн удирдлагын тухай хуулийн шаардлагууд болох дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцсэн, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгасан, техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээг баталгаажуулсан байх зэрэг шаардлагыг хангажээ. Тус төслийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасан “зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлнэ, эрчим хүчний салбарт урт хугацааны тогтвортой шийдлийг бий болгох ач холбогдолтой гэж үзэж буй.
Төсөл ашиглалтад орсноор Монгол Улсын эрчим хүчний системийн
тогтвортой байдал, өсөн нэмэгдэж буй хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр хангах,
Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, III, IV болон I
хорооллыг дулаанаар хангах, одоо ажиллаж буй ДЦС-уудын ачааллыг бууруулж,
системийн дэд бүтцийг найдвартай байлгах ач холбогдолтой. Мөн станц ашиглалтад
орсноор шинээр 100 мянга орчим айл өрхийг цахилгаан, 40 мянган айл өрхийг
дулааны эрчим хүчээр хангана.
Төслийн барилга угсралтын явцад 1600, ашиглалтад орсноор 370
гаруй байнгын ажлын байр бий болно.