ӨМНӨГОВЬ: Эрүүл мэндийн салбарын боловсон хүчний хөгжилд түлхүү анхаарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2026 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн “Эрүүл мэндийн ажилтны хөгжлийг дэмжих” уриан дор энэ сарын 10-нд болж, аймгийн БОЭТ-ийн удирдах ажилтнууд болон 15 сумын эрүүл мэндийн төвийн дарга нар зэрэг 50 гаруй хүн хамрагджээ.
Удирдах ажилтнуудад Эрүүл мэндийн сайдын хөрөнгө оруулалтын талаар ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн Эрүүл мэндийн бодлого хариуцсан мэргэжилтэн Н.Түвшинзаяа танилцуулсан бол, ХГБХХГ-ын хэлтсийн дарга Т.Золжаргал эрүүл мэндийн салбарын хүүхэд хамгааллын чиглэлээр мэдээлэл өгч, Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх шуурхай удирдлагын тасгийн дарга, хошууч Ж.Баатархүү кибер аюулгүй байдлын талаарх мэдээлэл хүргэжээ.
Тус зөвлөгөөнөөр 2025 онд салбарын хэмжээнд эмчилгээ, оношилгоонд нэвтрүүлсэн шинэ технологи, ололт амжилтыг хэлэлцжээ. Тухайлбал, “Анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээний хүрээнд мобайл технологи ашиглах” төслийг амжилттай хэрэгжүүлж, хөдөө орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, эмчийн зөвлөгөө, эрт илрүүлгийг “явуулын эмнэлэг” хэлбэрээр хүргэхэд гар утас болон зөөврийн төхөөрөмжүүдийг ашигласан байна.
Эмнэлгийн явуулын багууд зөөврийн ЭКГ, ултрасон, даралт хэмжигч зэрэг төхөөрөмжөөр тоноглогдож, алслагдсан сумдын иргэдийг эрт илрүүлэгт цаг алдалгүй хамруулан анхан шатны эмнэлгийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэжээ. Мөн чихрийн шижин өвчтэй хүмүүсийн оношилгоо, эмчилгээнд чиглэсэн цогц төвийг байгуулж, иргэдэд орон нутагтаа шинжилгээ, оношилгоо хийлгэх, шаардлагатай тусламж, үйлчилгээг бүрэн авах боломжийг бүрдүүлсэн зэрэг олон талт ажлуудыг хэрэгжүүлжээ.
Харин 2026 онд эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эрүүл мэндийн байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлэх, тогтвортой ажиллах боловсон хүчний тэнцвэрийг хангах зэрэг асуудалд түлхүү анхаарч ажиллах юм.
Өмнөговь аймгийн хэмжээнд эрүүл мэндийн салбарт нийт 1100 орчим алба хаагч ажиллаж байгаагаас 300 нь их эмч, 200 гаруй нь сувилагч, 316 нь эмнэлгийн тусгай мэргэжилтэн байна.