Л.Вонн: Би юунд ч харамсахгүй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МИЛАН-КОРТИНА, 2026 оны хоёрдугаар сарын 10 /BBC/. Америкийн алдарт уулын цаначин Линдсей Вонн "Милан-Кортина 2026" өвлийн Олимпын наадмын эмэгтэйчүүдийн уулын цанын уруудах (downhill) төрлийн тэмцээний үеэр зүүн хөлийн шилбэний ясаа хүнд гэмтээсэн хэдий ч "би юунд ч харамсахгүй байна" гэж хэлжээ.
Өдгөө 41 настай тэрбээр ням гарагт Кортина д'Ампеццо хотын "Олимпиа делле Тофане" замд гараанд гарснаас хойш ердөө 13 секундын дараа уулнаас хурдтай бууж байхдаа баруун гараа туганд цохиж тэнцвэр алдсанаар унаж гэмтсэн байна. Түүнийг тухайн газарт нь тодорхой хугацаанд эмчилсний дараа нисдэг тэргээр Тревисо хотын эмнэлэгт яаралтай хүргэж, зүүн хөлд нь хагалгаа хийжээ.
2010 оны Олимпын аварга тэрбээр энэ удаагийн наадамд зүүн өвдөгний чагтан холбоос нь урагдсан хэдий ч оролцохоор шийдсэн байв. Харамсалтай энэ нь түүний хувьд тав дахь буюу сүүлчийн олимп байлаа.
Л.Вонн даваа гарагт цахим хуудсандаа бичихдээ "Миний олимпын мөрөөдөл төсөөлж байснаар минь төгссөнгүй. Би мөрөөдсөн, зориглосон, түүндээ хүрэхийн тулд маш их хөдөлмөрлөсөн. Хэдийгээр бие маань маш их өвдөж байгаа боловч би юунд ч харамсахгүй байна" гэв.
Тэрбээр Олимпын наадам эхлэхээс 9 хоногийн өмнө Швейцарт болсон тэмцээний үеэр унаж өвдөгний чагтан холбоосоо гэмтээсэн ч тэмцээнээ үргэлжлүүлэхээр шийдсэн нь олон нийтийн зүгээс түүний зориг тэвчээрийг магтаж, нөгөө талаас эрүүл мэндээ эрсдэлд оруулж буйг нь шүүмжилсэн сэтгэгдлүүд олноор ирсэн байна. Харин Л.Вонн хэлэхдээ, энэ удаагийн гэмтэл өмнөх гэмтлүүдтэй огт хамаагүй гэжээ.
"Цанаар гулгах нь үргэлж эрсдэлтэй
спорт байсаар ирсэн, байх ч болно. Цанын спорттой адил бид амьдралд ч гэсэн
эрсдэлтэй тулгардаг. Бид мөрөөддөг, хайрладаг, бас үсэрдэг. Заримдаа унаж, зүрх
сэтгэл маань ч шархалдаг. Гэхдээ оролдож үзэх нь амьдралын гол утга учир юм. Би
хичээсэн, зориглосон тэгээд үсэрсэн" хэмээн домогт тамирчин бичвэрээ дуусгажээ.