ЗАВХАН: Отгонтэнгэр хайрхныг тахих Богд хааны зарлиг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2026 оны хоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Завхан
аймгийн музейд Отгонтэнгэр хайрхныг тахих ёс, уламжлалыг өгүүлсэн түүхэн ховор
дурсгал хадгалагдаж байна.
Тус дурсгал нь 1911 онд шар даалимбан дээр хар бэхээр бичсэн Богд хааны зарлиг бичиг бөгөөд 38 см өргөн, 74 см урттай. Энэхүү зарлигийг музей үзмэрийн цуглуулгад хүлээн авч, сан хөмрөгт хадгалж байгаа ажээ.
Наран гэрэлт, түмэн наст оройн дээд Очир дарь эхийн хувилгаан, Богд хааны зарлигт Отгонтэнгэр хайрхныг тахих тухай тодорхой заалт тусгагдсан байна. Зарлигт,
Олноо өргөгдсөний анхдугаар оны зуны эхэн сарын шинийн 15-ны өдөр Богд
Очирваань уулыг тайсугай.
Богд Очирваань уулыг тайхад хэрэглэх унаа мал, мянган лан мөнгийг Засагт хан,
Сайн ноён хан аймгуудын сангийн хөрөнгөөс гаргахыг мэдэгдсүгэй.
Богд Очирваань уулыг төрийн сахиус уул хэмээн үзэж, түшээ гүн уул өргөмжлөн,
дөрвөн жилд нэг удаа төрийн зүгээс тайсугай” хэмээн дурджээ.
Түүхэн сурвалжуудаас үзвэл Отгонтэнгэр уулыг VI–VIII зууны үед Түрэгийн үед тахиж байсан бөгөөд Манж чин гүрний үед 1779 онд дахин сэргээн тахижээ.
Үүний дараа хэсэг хугацаанд тасалдсан ч 1911 онд Богд хааны зарлигаар
жил бүр шашны ёсоор тахихаар тогтоож, 1930 он хүртэл уламжлал хадгалагдсан
байна.
Харин 1995 оны наймдугаар сарын 1-нд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатын зарлигаар Отгонтэнгэр хайрхныг дахин сэргээн тахиж эхэлсэн нь шинэ нийгмийн нөхцөлд төр, шашны харилцан хүндлэл, шүтэлцээг бэхжүүлэх чухал үйл явдал болсон юм. Үүнээс хойш Отгонтэнгэр уулыг дөрвөн жил тутамд төрийн тахилга үйлдэхээр тогтсон байна. Тодруулбал,
- 1999
оны 8 дугаар сарын 10
- 2003
оны 6 дугаар сарын 14
- 2007
оны 6 дугаар сарын 29
- 2011
оны 6 дугаар сарын 9
- 2016
оны 7 дугаар сарын 22
- 2021
оны 8 дугаар сарын 21-нд тус тус тахижээ.
Энэ жил Отгонтэнгэр хайрхныг төр, шашны ёсоор тахих төрийн долоо дахь тахилга тохиож байгааг Завхан аймгийн музейн эрдэм шинжилгээний ажилтан Э.Цолмон онцоллоо.

Завхан аймгийн музейн танхимд хадгалагдаж буй Богд хааны зарлиг
Нүүрний Отгонтэнгэр уулын зургийг: Завхан аймгийн зураач Надалдоржийн Энхтүвшин зуржээ.
Улаанбаатар