БУЛГАН: Аварга малчид сумын малчдыг төл мал, ажлын байраар тогтмол дэмждэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2026 оны хоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хутаг нэгдүгээр багийн малчин Калинангийн Түмэнноров, түүний гэргий Пушкиний Баасансүрэн нар “Улсын аварга малчин” цол хүртжээ.
Сэлэнгэ мөрний дагуух үржил шимтэй Хайлантай, Гуртын ширгүү, Нүхэн зэрэг газраар нутаглан, улс орныхоо нийгэм, эдийн засаг, хүн амын хүнсний хэрэгцээг эрүүл хүнсээр хангахад үнэтэй хувь нэмэр оруулж яваа тэд 32 жил тасралтгүй мал маллаж, сум орон нутагтаа хүндлэгдсэн малчид. Анх 104 толгой малтай айл болж байсан бол өнөөдөр мал сүргийнх нь тоо 2000 даваад байна.
Эднийх 2007 оноос хойш ямаан сүргээ Хөвсгөлийн аймгийн “Эрчмийн хар” үүлдэр, хонин сүргээ “Баяд” үүлдэр, үхэр сүргээ “Сэлэнгэ” үүлдэр, адуун сүргээ ОХУ-ын махны чиглэлийн үүлдрээр сайжруулж, малаас авах ашиг шимийг нэмэгдүүлсэн байна.
Мөн 2016 оноос хойш сумын амьжиргааны түвшин бага өрхүүдээс туслах малчин гэрээгээр авч ажиллуулан цалин, ахуйн хэрэглээг хариуцан жил бүр 40-өөс доошгүй төл малаар дэмжлэг үзүүлж ирсэн төдийгүй жил бүр 3-5 хүнийг улирлын чанартай ажлын байраар хангадаг байна.
Малчид хоршиж, хамтарч байгалийн эрсдэлийг давах санаачилгыг дэмжиж “Жанжин түшээт” хоршоо байгуулан, нутаг орны малчдаа уриалан орлогоо нэмэгдүүлж, хариуцлагатай амьдрахад нь үлгэрлэж байна. Тухайлбал эрүүл мэнд, нийгмийн даатгалд тогтвортой хамрагдаж, мал сүргээ ч байгалийн эрсдэлээс хамгаалж тасралтгүй даатгуулж ирсэн түүний туршлага нутгийн малчдад нь сайн жишиг болжээ.
Жилийн наймдугаар сард отор нүүдэл хийж, малаа бэлчээрээр таргалуулж, хөрвөжүүлдэг түүний туршлага, эх мал бүрээс төл авдаг онцлог арга барилд залуу малчид хичээнгүйлэн суралцаж байна.
Зөвхөн байгальд найдаад суух биш, өвөлжөөндөө байх хугацаандаа, байгалийн хүнд цагт малаа тэжээхэд хангалттай нөөц бэлтгэж авдаг нь түүний бас нэг давуу тал юм. Жилдээ 100-150 тн өвс, 3-5 тн гар тэжээл, 2-4 тн хүчит тэжээл, 3-4 тн хужир, шүүг бэлтгэн авч байна.
Шагналыг Монгол Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, ИТХ-ын дарга Ж.Ганболд, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Н.Пүрэвсайхан болон Хутаг-Өндөр сумын удирдлагууд гардуулан өгчээ.


