Нэгдүгээр сард хур тунадас их унажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2026-02-10 10:14:19

Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тоймд, нэгдүгээр сарын агаарын дундаж температур өмнөх жилийнхээс -3.7°С байсан ч олон жилийн дунджийн орчим хүйтэрчээ.


Монгол оронд өнгөрсөн сард дунджаар 1.9 мм хур тунадас орсон нь өмнөх жилийнхээс 15.3 хувиар бага, харин олон жилийн дунджаас 12.6 хувиар ахиу байсан бөгөөд 1940 оноос хойш тохиолдож буй хур тунадас ихтэй 29 дэх сар болжээ.


Агаарын үнэмлэхүй бага температур -30°С-ыг давж хүйтэрсэн өдрийн тоо Увсын Улаангом, Тэс, Баруунтуруун, Малчин, Завханы Отгон, Баянтэс, Тосонцэнгэл, Баянхонгорын Байдраг, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Ренчинлхүмбэ, Сэлэнгийн Ерөө орчмоор 25-31, Завханы Завханмандал, Цэцэн-Уул, Нөмрөг, Хөвсгөлийн Баянзүрх, Эрдэнэбулган, Цэцэрлэг, Сэлэнгийн Сүхбаатар, Орхонтуул, Орхон, Булганы Тэшиг, Хэнтийн Өндөрхаан, Төвийн Алтанбулаг, Лүн, Дорнодын Халхгол, Улаанбаатарын Буянт-Ухаа, Багануур орчмоор 20-24, бусад нутгаар 5-19 өдөр ажиглагджээ. 


Холбоотой мэдээ