АРХАНГАЙ: Аймгийн хэмжээнд таван цахим кабинет байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2026 оны хоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Архангай аймаг 2026 оныг боловсролыг дэмжих жил болгон зарласан.
Орон нутгийн сургуулиудын мэдээллийн технологийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдын суралцах орчныг сайжруулахаар аймгийн хэмжээнд таван цахим кабинет (компьютерын лаборатори)-ыг байгуулахаар төлөвлөсөн байна.
Энэ ажлын хүрээнд Хас банкны “XacLab” төслийн хүрээнд Эрдэнэбулган сумын 4-р сургуульд орчин үеийн компьютерын лаборатори байгуулж, ашиглалтад орууллаа.
Тус лабораторийг ашиглалтад оруулснаар сурагчид мэдээллийн технологийн хичээлээ илүү хүртээмжтэй, бүтээлч орчинд судлах боломж бүрдэж, технологийн мэдлэг, ур чадвараа тэгш хүртээмжтэй эзэмших бодит нөхцөл бүрдэж байна.
Боловсролын салбарт чиглэсэн энэхүү хөрөнгө оруулалт нь хүүхэд, залуусын ирээдүйн хөгжил, мэдлэгт суурилсан нийгмийг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.