ЗАВХАН: Маймаачин хотын бүдүүвч зураг хадгалагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-02-09 14:48:45

Улиастай, 2026 оны хоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн музейн танхимын гол үзмэрийн нэг нь 1923 оны Улиастай хотын бүдүүвч зураг юм.


Цагаан гурилаар цардсан ямбуун дээр дүүшээр зурсан энэ зураг нь тухайн үеийн Улиастай хотын ерөнхий дүрслэлийг харуулж байна.


Даавууны зүүн доод хэсэгт нь “1923 оны Улиастай хот” гэсэн бичиг бий. Улиастай хотын дэвсгэр зургийг анх О.Ламжав зурж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат багш Д.Дагва 1962 онд хуулбарлан бүтээжээ. Энэхүү зураг нь Маймаачин буюу Улиастай хотыг бүтнээр нь дүрслэн харуулсан түүхэн бүтээл бөгөөд тухайн үеийн Улиастай хот худалдаа, үйлчилгээний томоохон төв байсан тухай түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг.


Худалдааны тухайд, Улиастай хот 1733-1911 он хүртэл Гадаад Монгол дахь худалдааны нэгээхэн том төв нь байсан. Эхэндээ Хятадын худалдаа зонхилж байсан бол ХХ зууны эхэн үе гэхэд Оросын худалдаа, ноос угаалгын газар нэлээн хэд болсон байсан. Одоогийн Улиастай хотын төвийн хэсэг ХХ зуунаас өмнө Маймаачин хэмээн нэрлэгдэж, энд хятад пүүс, дэн буудлууд голлодог байв. Тэр үеийн хамгийн том худалдааны пүүс болох Даашинхүүгийн пүүс гэхэд гол том хашаа нь одоогийн Улиастай сумын “Баазын” арын Худгийн аманд байрлаж байжээ.


Худалдааны пүүс, дэн буудлууд нь Маймаачинд байх жишээтэй. XIX зууны сүүл XX зууны эхэн үед Улиастайд ирж байсан жуулчид бичиж тэмдэглэхийн зэрэгцээ гэрэл зураг авч байсан нь бидний үед хүрэлцэн ирсэн нь цөөнгүй байдаг.

Улиастай, Маймаачин хотын хэсэг XX зууны эхэн


Улиастай дахь Бээжин худалдаачдын лангуу. 1892-1893 он. Эх сурвалж: А.М.Позднеев "Монголия и монголы" Спб,1898

Холбоотой мэдээ