ДОРНОГОВЬ: Мандах сум гурав дахь удаагаа “Мөнгөн буйл”-аар шагнууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2026-02-09 13:36:39

Сайншанд, 2026 оны хоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Хөдөлмөрийн баатар Насангийн Хүрээтийн хөдөлмөрч зан, малч ухааныг өвлөн уламжлан, тэмээн сүргээ өсгөн үржүүлж, монгол өв соёл, малчин түмний хөдөлмөрийн үр шимийг алдаршуулсан үйлсээрээ Мандах сум 31 жилийн дараа дахин “Мөнгөн буйл”-аар шагнуулжээ.

Энэхүү шагнал нь Мандах сумын үе үеийн нийт малчин, хөдөлмөрч түмний шагнал юм. Сүүлийн жилүүдэд тус сум аймагтаа тэмээн сүргийн тоогоороо тэргүүлж, 2025 оны жилийн эцсийн тооллогоор тэмээн сүргээ 12,307 толгойд хүргэж, 2134 ботго бойжуулсан амжилт үзүүлжээ. Мөн Монгол Улсын гавьяат малчин Нямсүрэнгийн Баясгалан 1146 тэмээ тоолуулж, аймагтаа тэмээн сүргийн тоогоор тэргүүлж байна.


Мандах сум нь тухайн цаг үед төр засгаас тэмээн сүргийг өсгөх талаар тавьсан зорилтыг амжилттай биелүүлж, 1975, 1995 онд “Мөнгөн буйл”-аар шагнуулж байжээ. Хэдхэн хоногийн өмнө энэхүү нэр хүндтэй шагналыг Дорноговь аймгийн Сайншанд суманд болсон “Их говийн тэмээ-2026” наадмын үеэр аймгийн ЗДТГ-аас гардуулсан байна.




Холбоотой мэдээ