Шатрын аварга шалгаруулах тэмцээнд таван настнууд анх удаа оролцож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд энэ жил зургаан насны /6-18 нас/ ангилалд 160 орчим хүүхэд өрсөлдөж байна.
Нас насны ангилалд эхний гурван байрт шалгарсан шатарчид аймгаа төлөөлөн Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох юм.
Өмнөговь аймаг өсвөрийн аварга шалгаруулах шатрын тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг. Энэ жил цэцэрлэгийн таван настай хүүхдүүдийг оролцуулж эхэлснээрээ онцлог болжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймгийн өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, өсвөрийн шатарчдад хандан хэлсэн үгэндээ “Шатар бол тэсвэр тэвчээр шаардсан оюуны их спорт. Оюун бодлоо цэгцлэх, анхаарал төвлөрөл сайжруулах зэргээр хувь хүний хөгжлийг тэтгэдэг спорт” хэмээгээд шатрын сургалтыг боловсролын хөтөлбөрт оруулахад бэлтгэн, Өмнөговь аймаг багш нараа хэдийнээ бэлдсэнийг сайшаав.
Өмнөговь аймаг шатрын спортын баялаг уламжлалтай. Тус аймгийн шатарчин Б.Халиун шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2018 онд мөнгө, 2019 онд алтан медаль хүртсэн. Мөн тус аймгийн шатарчин С.Төгөлдөр уг тэмцээнд 2022 онд түрүүлж байжээ.
