ДОРНОГОВЬ: Гүнжийн замын түүх
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2026 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн нутгийн урд хэсэг буюу хилийн бүс Хөвсгөл, Хатанбулаг сумын нутгаар “Гүнжийн зам” хэмээх түүхэн үнэнийг өгүүлэх зам байжээ.
Их хүрээ-Бээжинг холбосон хамгийн дөт зам тус нутгаар дайран өнгөрдөг ба үүнийг тухайн үед “Гүнжийн зам” хэмээн ярьдаг байсныг Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн орлогч дарга Чойнорын Сүрэн өөрийн дурдатгал “Зоривол бүтнэ” номдоо дурдсан байдаг.
"Манай нутгаар Их хүрээ-Бээжинг холбосон их зам дайран өнгөрдөг байжээ. Миний бага насанд үүнийг ‘Гүнжийн зам’ гэдэг байсан. Говийн талыг нэвтлэн, ухаа толгодыг дамжин алс тэртээд бүдгэрэн замхарсан тэр их хөлийн зам нь үзүүр хязгааргүй, тэмүүлэх хүслийг цаг ямагт төрүүлдэг. Түүнийг дагаснаар холын хол, алсын алсад явчихмаар санагддаг сан.
Хөдөөгийн буйд хязгаар, үлгэр домгийн ертөнц, эртний түүхийг өгүүлэх тэр их зам миний бага насны мөрөөдөл, хөнгөн гуниг байсан. Гүнжийн замаар халхын ноёдод хатан болгон шагнасан Манжийн хааны гүнж нар хиа дагуултайгаа морилон өнгөрдөг байжээ. Хожмоо хятадын гамин цэрэг энэ замаар зэр зэвсэг агсан ирж бужигнуулж байснаа удалгүй зугтаан одож байсан” гэх мэтээр өгүүлсэн байдаг.
Үнэхээр гүнжийн гэх тодотголтой
энэ зам нутгийн ард иргэдэд уулгалан довтлох дайсан мэт айдас түгшүүр төрүүлж,
заримдаа баяр баяслыг авчран, сайн муу олон хэлийн чимээг өгч байсан нь түүхэн
үнэн байжээ. Зүг чиг нь алсарсан элсэн их говь, их говийг ороож тогтсон аараг
толгод, толгодын дундуур сүлжсэн хөсөг тэрэгний дугуйн мөр хэдийгээр бүдгэрсэн
ч өнгөрсөн түүхийн сэжмийг эргүүлэх шиг тодхон.
Гүнжийн замаас цааш хэдэн морь өртөө газар Хатны булаг хэмээх түүхэн үйл явдал хийгээд үлгэр домог багтаасан сонирхолтой газар байх нь XV зууны үеийн Монголын домогт хатан Мандухайн үйл хэргийг өгүүлсэн түүх, археологийн шинэ судалгааны ажлыг түүхчид хийж дуусаад байна. Тиймээс Их эзэн Чингэс хааны төрт улсаас өгсүүлээд Богд хаант Монгол Улсын төрийн үйл хэргийг ч гэрчлэх олон баримтыг энэ замаас сонирхож болох.
Учир нь Чингис хаан Тангуд улсыг дайлаар мордохдоо өмнө зүг энэ замаар аялж явсан бол Манж Чин гүрний хувьд нэр нь өөрчлөгдөж Гүнжийн зам хийгээд Бээжин Их хүрээг холбосон морин өртөө бүхий дөт зам болон хувирч байсан бол 1921 оны Ардын хувьсгалын үед гамин цэргүүдийг нутгаасаа хөөж байсан баатарлаг зам болон хувирчээ.
“Түмэдийн дээрэмчид хэцүү, гамингаас ч дор
гэнэ гэх үг бас л нутгийн түмний сэтгэл түгшээх үг байжээ. Энэ замыг харуулдан
өссөн нутгийн хүүхэд багачуудаас Монголын төрд зүтгэсэн улс төрийн зүтгэлтнүүд,
сайд, урлаг спорт, шинжлэх ухааны зүтгэлтнүүд олноор төрөн гарсан байдаг.
Тухайлбал, Хөвсгөл сумын харьяат Ардын
хувьсгалын партизан Сүхээ, Эрүүлийг хамгаалахын сайд, доктор Шийнэн, академич
Н.Ишжамц, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цөмийн физикийн доктор Ч.Цэрэн,
геологийн ухааны доктор академич О.Төмөртогоо, богино өгүүллэгийн мастер
зохиолч Ж.Лхагва гээд олон хүнийг хэлж болох билээ.