БУЛГАН: Уламжлал, шинэчлэлийг хослуулсан хошой аварга малчин О.Баттөмөр
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2026 оны хоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Хүрэмт багийн малчин Отгондаваагийн Баттөмөр "Улсын хошой аварга малчин"-аар тодорлоо.
О.Баттөмөр нь
2015 онд "Аймгийн аварга малчин", 2019 онд "Улсын аварга
малчин" хэмээх эрхэм цолыг хүртэж байжээ.
Тэрбээр энэ жил “Улсын аварга малчин” шалгаруулах журамд өөрчлөлт орж, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлсэн байдал, улсад төлсөн татвар, мал аж ахуйн үйлдвэрлэлээс олсон орлогыг голлох шалгуур үзүүлэлт болгосон талаар онцоллоо.
Мөн дагалдах шагналыг улаан халзтай гэр, сэргээгдэх эрчим хүчний багц, цэвэр үүлдрийн үржлийн бух, малын тавлаг байдлыг хангасан угсардаг битүү хашаа, бохирын септик систем бүхий таван багцаас сонгон авах боломж бүрдүүлж, аварга малчдаас авсан саналын дагуу гардуулж байгаа юм.
О.Баттөмөр хошой аваргынх энэ бүх үзүүлэлтэд бүрэн нийцэж байгаа төдийгүй шагналдаа малын угсардаг битүү хашаа сонгосон байна.
"Улсын аварга малчин" шагналыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн, Булган аймгийн ИТХ-ын дарга Ж.Ганболд, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Н.Пүрэвсайхан болон Хишиг-Өндөр сумын удирдлагууд гардуулан хүндэтгэл илэрхийллээ.
О.Баттөмөрийнх мал сүргээ дөрвөн төрөлд өсгөн үржүүлж, сүүлийн таван жилийн хугацаанд төлийн хорогдолгүй ажиллаж ирсэн бөгөөд нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарчээ. Тухайлбал, 2004 оноос эхлэн адуун сүргээ галшар үүлдрийн адуугаар, үхэр сүргээ нутгийн болон сэлэнгэ үүлдрээр сайжруулжээ.
Түүнчлэн иргэний үүргээ нэр төртэй биелүүлж, малын тоо толгойн албан татвар, малын индексжүүлсэн даатгал, нийгмийн даатгал зэрэг татвар, хураамжийг тогтсон хугацаанд нь хариуцлагатайгаар төлж ирсэн бөгөөд сумандаа тэргүүний татвар төлөгчөөр хоёр удаа шалгарч байсныг орон нутгийн удирдлагууд онцоллоо.
О.Баттөмөр 29 жил тасралтгүй мал маллаж байгаа бөгөөд Хөдөлмөрийн баатар, алдарт хоньчин З.Очирын туршлагад тулгуурлан мал маллагааны өвөрмөц арга барилыг өвлөн хэрэгжүүлж иржээ. Өдгөө тэрбээр өөрөө шавь бэлтгэн, мал маллах арга ухаанаасаа заан зөвлөхийн зэрэгцээ багийнхаа малчдад үлгэрлэн, алслагдсан бүс нутагт бэлчээрээ хамгаалан нутаглаж байна.
Гэргий Л.Мөнхчимэг нь сүү, цагаан идээ боловсруулалтаараа нутагтаа үлггэр жишээч нэгэн бөгөөд жил бүр 110-222 гүү сааж, жилд 7-14 тн айраг үйлдвэрлэж, өрхийн хэрэгцээг хангахаас гадна зах зээлд нийлүүлдэг байна.
Отгондаваагийн Баттөмөр 2019 онд “Улсын аварга малчин” хэмээх эрхэм цолыг 2026 онд Улсын хошой аварга цолыг хүртэж байгаа бол түүний аав Сүрэн-Очирын Отгондаваа, хүргэн ах Нямсүрэнгийн Мөнхбат нар нь мөн Улсын аварга малчид ажээ.




