Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөн эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2026-02-05 17:21:19

Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөн өнөөдөр эхэллээ.


Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг хангаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага “хууль хүн бүрд адил тэгш үйлчилдэг байх” зарчмыг баримталж, хариуцсан ажилдаа “хоёргүй сэтгэл”-ээр хандах нийгмийн шаардлага үүссэнийг иргэдээс ирүүлж буй санал, гомдол болон төрийн байгууллагаас ирүүлсэн зөвлөмж, шаардлагаас үзэхэд ил тод харагдаж байгааг сануулан, үйл ажиллагааны ил тод байдлыг сайжруулах, бүх шатанд шударга ёсны зарчим баримтлах, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнг сайжруулах чиглэлд бодит санал санаачилга гаргаж ажиллахыг үүрэг болголоо.


ХЗДХЯ-ны мэдээлснээр, хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагад 2025 онд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн нийт өргөдөл, гомдлын 19.2 хувийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хаяглан ирүүлсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд 2025 оны жилийн эцсийн байдлаар иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн өргөдөл, гомдлын 64.9 хувь нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, 57.1 хувь нь алба хаагчийн буруутай үйл ажиллагаатай холбоотой үндэслэл бүхий гомдлууд ирсэн байна.


Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 20 гаруй хуулийн төслийг боловсруулж байгаагийн нэг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай багц хуулийн төсөл юм.Тус хуулийн төсөлд олон улсын сайн туршлагад үндэслэн шүүхийн шийдвэр цаасан дээр бус бодит амьдралд хэрэгждэг байх олон талын хөшүүрэг, механизмыг тусгажээ. Хууль батлагдсанаас хойш үе шаттай хувийн шийдвэр гүйцэтгэлийн тогтолцоонд шилжих бодлогыг хэрэгжүүлэх юм.

Холбоотой мэдээ