ОРХОН: Гэр бүл, хүүхдийн эрхийг хамгаалах төсөл хэрэгжиж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2026 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. “Бүх хайраа гэр бүлдээ” төслийг Орхон аймагт албан ёсоор нээлээ. Тус төсөл нь гэр бүлийн харилцааг бэхжүүлэх, халуун дулаан уур амьсгалыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэжээ.
Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаярын санаачилгаар хэрэгжих энэ төсөл нь зөвхөн өнөөдрийн аз жаргалтай гэр бүлд зориулагдсан төдийгүй маргаашийн тогтвортой нийгмийн үндсийг бэхжүүлэхэд чухал алхам болохыг зохион байгуулагчид онцоллоо.
Өнөөдрийн бодит нөхцөл байдал биднээс гэр бүл рүү чиглэсэн бодлого, анхаарал, хариуцлага шаардаж байна.
Орхон аймагт гэр бүлийн маргаан, салалт, хүүхдийн эрсдэл өнөөг хүртэл бодит асуудал хэвээр байна. Судалгаагаар гэр бүлийн санхүүгийн бэрхшээл, харилцааны зөрчил, сэтгэл зүйн дарамт нийтлэг тулгамдсан асуудал болсныг тогтоожээ. Энэ нь зөвхөн нэг айлын дотоод асуудал биш, харин нийгмийн тогтвортой байдал, ирээдүйн хөгжилтэй шууд холбоотой асуудал гэж дүгнэжээ.
“Бүх хайраа гэр бүлдээ” төсөл нь гэр бүлийн боловсролыг дээшлүүлэх, эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг сайжруулах, сэтгэл зүйн зөвлөгөө, дэмжлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын тогтолцоог орон нутагт бэхжүүлэх, мөн зорилтот бүлгийн гэр бүлийн амьжиргааг дэмжих зэрэг тодорхой зорилт, үйл ажиллагаанд тулгуурлан хэрэгжинэ.
Гэр бүлийн гишүүдийн нэгдмэл байдлыг бий болгох нь “Бүх хайраа гэр бүлдээ” төслийн үндсэн зорилго нь болох юм.









