ОРХОН: Төрийн сангийн мэргэжилтний сул орон тоог нөхөх тусгай шалгалт зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2026 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. 2026 оны эхний төрийн захиргааны тусгай шалгалтыг энэ сарын 3-ны өдөр зохион байгууллаа.
Энэ удаа аймгийн ЗДТГ-ын Төрийн сангийн мэргэжилтэн, Эрүүл мэндийн газрын амьсгалын зам, сүрьеэгийн халдварт өвчний тандалт сэргийлэлт хариуцсан мэргэжилтэн болон Эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалын сул орон тоог нөхөх, сул орон тоонд шалгалт өгөх хүсэлтэй иргэдийн баримтыг Төрийн албаны зөвлөлөөс үүсгэсэн hh-admon.csc.gov.mn цахим шуудангийн хаягаар өнгөрсөн сарын 16-29-ний хооронд хүлээн авчээ.
Цахим шуудангийн хаягаар 18 оролцогчийн материалыг хүлээн авсан байна.
Тусгай шалгалт зохион байгуулах комиссын хурлын шийдвэрээр баримт бичгийн бүрдэл хангасан 4 оролцогчийг тусгай шалгалтад бүртгэхээр шийдвэрлэж, аймгийн ЗДТГ-ын газрын Төрийн сангийн мэргэжилтний албан тушаалын сул орон тоонд тусгай шалгалт зохион байгууллаа.
Мөн 2026 оны эхний улирлын ерөнхий шалгалтын бүртгэлийг энэ сарын 2-17-ны өдрийг хүртэл авах бөгөөд төрийн албаны ерөнхий шалгалт өгөх хүсэлтэй иргэдийг идэвхтэй оролцохыг уриаллаа.
