Жижиг амжилт ч том итгэл, аз жаргалыг авчирдаг
МОНГОЛ ХЭМНЭЛ
Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Намайг Цолмон-Эрдэнэ гэдэг. Би анх усанд сэлж сурснаа хуваалцах гэсэн юм.
Анх усанд сэлж сурах гэж том усан санд орохдоо үнэхээр их айсан. Толгойгоо усанд дүрэх гэж оролдох бүрд зүрх хүчтэй цохилж, гар хөлөө яаж хөдөлгөхөө мэдэхгүй байв. Их ус намайг яг идчих юм шиг санагдаад зугтмаар байсан.
Багш маань инээмсэглээд, “Цолмоон, айдсаа давсан алхам бүр чамд шинэ итгэл өгнө шүү.
Багаас нь эхлээд, алхам алхмаар явбал чи чадна" гэж хэлсэн.
Тэгээд би жижиг бассейнд хөлөө хөдөлгөж, толгойгоо усанд дүрж
сурсан. Эхний амжилт надад маш их аз жаргал авчирч,
зүрх маань айдсаар биш бахархал дүүрэн цохилж байсан. Дараа нь бага багаар усанд толгойгоо бүрэн
дүрж, амьсгалаа зохицуулж, гар хөлөө зөв хослуулан сэлж сурсан. Эцэст нь би
анхны том амжилтаа үзүүлж, бие даан 25 метр сэлж чадсан.
Усны дуслууд нүүр, нүд рүү цацаж, би өөрийгөө жинхэнэ далайн баатар мэт
мэдэрсэн дээ.
Тэр мөчид л би дотроо инээмсэглэж, айдсаа давж чадсандаа баярлаж, бас өөртөө итгэлтэй болсон. Жижиг амжилт ч том итгэл, аз жаргал авчирдгийг би яг тэр өдөр л ойлгосон.
7 дугаар ангийн сурагч Э.Цолмон-Эрдэнэ