ОРХОН: Ахмадын хоккейн улсын аварга шалгаруулах тэмцээний шилдгүүд тодорлоо

ФОТО МЭДЭЭ
g.altantsetseg@montsame.go
2026-02-02 11:00:50

Баян-Өндөр, 2026 оны хоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд Орхон аймгийн Засаг даргын нэрэмжит мастерс ангиллын улсын аварга шалгаруулах хоккейн 50+ насны ангиллын тэмцээн Эрдэнэт хотын Орос сургуулийн мөсөн талбайд энэ сарын 31- нээс эхлэн гурван өдөр үргэлжиллээ. 


Тэмцээнд 5 багийн 80 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, медалийн эзэд тодорлоо. 


Тэмцээний аваргын алтан медалийг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны Б.Алдармөнх ахлагчтай Бугант баг, мөнгөн медалийг Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Б.Баасан ахлагчтай Шарын гол баг, хүрэл медалийг спортын мастер Т.Пүрэвсүрэн ахлагчтай Хангарьд багууд тус тус эзэллээ.


Орхон аймгийн хувьд Эрдэнэт үйлдвэрийн Спорт цогцолборын дэргэдэх өсвөр үе, залуучууд, ахмадын хоккейн багууд олон жил улсын хэмжээнд амжилттай өрсөлдөж ирсэн туршлагатай бөгөөд Эрдэнэт хот үүсэн байгуулагдсан цагаас эхлэн хоккейн спорт тасралтгүй хөгжсөөр иржээ.


Мөн "Болд сан”-гийн нэрэмжит мастерс ангиллын тэмцээнийг 2 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн “Найрамдал” мөсөн талбайд зохион байгуулахаар товложээ.