Байгууллага бүр нэг иргэн ажилд авбал аймгийн хэмжээнд идэвхтэй ажил хайгчгүй болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-11-22 22:40:53

МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МАОЭХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар Дархан-Уул аймагт ажиллаж байна. Тэд “Нийгмийн зөвшлийн гурван талт хамтын хэлэлцээр” сэдэвт уулзалт хийж шинэчлэн байгуулагдсан аймгийн Хөдөлмөр Эрхлэлтийг дэмжих салбар зөвлөлийн анхдугаар хуралд оролцож мэдээлэл, зөвлөгөө өгөх зорилгоор ажиллажээ.

МҮЭ-үүдийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар:-“Эдийн засгийн хямралын үед орон нутагт нийгмийн түншлэлийг улам бүр бэхжүүлж иргэдийн хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлыг зөвшилцөх замаар шийдвэрлэж хямралыг хохирол багатай давах талаар санал солилцож байна. Аймгуудын хувьд нийгмийн түншлэлийн асуудал харилцан адилгүй байдаг бол Дархан-Уул аймаг нь нийгмийн түншлэлийн хөгжлөөрөө тэргүүлдэг” хэмээн онцлов. Мөн одоогийн байдлаар тус аймгийн хэмжээнд тогтмол үйл ажиллагаа явуулдаг 2235 аж ахуйн нэгж байдаг бол ХХҮГ-ын судалгаагаар ажил идэвхтэй хайгч 2038 иргэн байдаг юм байна. Иймд дээрх байгууллага бүр нэг иргэнийг ажилд авбал аймгийн хэмжээнд идэвхтэй ажил хайгч иргэн бүгд ажлын байртай болно” гэлээ.

Үүнийг ажил хэрэг болгохын тулд эн тэргүүнд аймгийн Хөдөлмөр Эрхлэлттэй холбоотой аймгийн салбар хороо, зөвлөлүүдийг Засаг даргын захирамжаар шинэчилж байгуулсан. Тодруулбал, аймгийн “Хөдөлмөр Эрхлэлтийг дэмжих салбар зөвлөл”, “Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хамтын хэлэлцээрийн салбар зөвлөл”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн салбар хороо”, “Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороо” зэрэг дөрвөн салбар зөвлөл, хороог шинэчлэн байгуулжээ. Эдгээр хороодыг аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого төсөл хөтөлбөр хариуцсан орлогч ахалж ажиллана.

Мөн зөвлөл, хороодыг шинэчлэн байгуулахдаа аймгийн Үйлдвэрчний Эвлэлүүдийн холбоо, Ажил олгогч Эздийн холбоо, Төрийн байгууллагын төлөөллийн оролцоотой харилцан зөвшилцөж тэгш оролцоотойгоор байгуулсан тухай холбогдох албаныхан мэдээллэв. Энэ үеэр аймгийн ЗДТГ, ҮЭХ, АОЭХ зэрэг гурван байгууллага “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. 

                                                                                                                                                          Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ