ДАРХАН-УУЛ: Төрийн албан хаагчтай холбоотой ёс зүйн зөрчлийн гомдол, мэдээлэл буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2026-01-23 16:57:31

Дархан, 2026 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Төрийн албан хаагчдын ёс зүй, харилцааны гомдол ихээр бүртгэгдэж байна гэдгийг Дархан-Уул дахь Төрийн албаны зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Лхагважаргал онцолжээ. Ихэнх гомдол нь албан хаагчдын харилцаа хандлагын таагүй байдал, ёс зүйгүй авиртай холбоотой байдаг байна.


Төрийн албан хаагчтай холбоотой гомдол мэдээлэл 2024 онд 53 бүртгэгдэж байсан бол 2025 онд 16 ирж буурчээ. Гэхдээ энэ нь зөвхөн аймгийн ёс зүйн дэд хороонд бүртгэгдсэн мэдээлэл гэдгийг тодотгож байна.


Дээрх гомдол нь төрийн албан хаагчдын зан ааш, харилцаа хандлага, ажлын байран дахь таагүй уур амьсгал үүсгэх, ёс зүйгүй авир гаргасан зэрэгтэй холбоотой байна. Иймд төрийн албан хаагчдыг чадавхжуулах чиглэлээр Канад улсын Засгийн газрын дэмжлэгтэй төсөл хэрэгжүүлж байна.


Иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлж, төрийн үйл ажиллагааны чанарыг сайжруулах чиглэлээр Канад улсын Засгийн газрын дэмжлэгтэй Мерит төсөл хэрэгжиж байна. Тус төсөл нь таван жилийн хугацаатай бөгөөд төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалт, хөтөлбөрийг өнгөрсөн оноос эхлүүлсэн юм.



Энэхүү төслийн хүрээнд хүний эрх, жендер, төрийн албан хаагчийн ёс зүйн чиглэлээр Монгол Улсын төрийн албаны өнөөгийн нөхцөл байдал, хэрэгцээнд нийцсэн арга туршлагыг нэвтрүүлэх зорилготой юм.


Ёс зүйн зөрчил гаргасан албан хаагчийн талаарх мэдээллийг ёс зүйн дэд хороо бүртгэж, Төрийн албаны ёс зүйн хороонд хүргэдэг. Дараа нь тухайн бүртгэл, дүгнэлтийг үндэслэн ямар хариуцлага тооцох эсэхийг эрх бүхий албан тушаалтан шийдвэрлэдэг байна.


Одоогоор ёс зүйн зөрчил гаргаснаас болж албан хаагчийг ажлаас чөлөөлсөн тохиолдол гараагүй байна.


Дээрх гомдол, мэдээллийг албан хаагчдаас, үйлчлүүлж буй иргэдээс, цахим болон цаасан өргөдлөөр, мөн Засгийн газрын “11-11” төвөөр дамжуулан ирсэн эсэхийг тайланд нарийн тусгаж өгдөг байна.

 

 

Холбоотой мэдээ