ХӨВСГӨЛ: Г.Бондгор “Шилдэг өвлөн уламжлагч” цол хүртлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2026 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ИТХ-ын 56 дугаар журмын дагуу аймгийн Засаг даргын шийдвэрээр “Шилдэг өвлөн уламжлагч” цолыг таван хүнд олгохоор шийдвэрлэжээ.
Улаан-Уул сумын 84 настай Г.Бондгор нь соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөсөн “Дархад дууны уламжлалт урын сан”-г язгуур хэв шинжээр нь хадгалж, хамгаалж, сурталчлан хойч үед өвлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан учраас Хөвсгөл аймгийн “Шилдэг өвлөн уламжлагч” цол хүртлээ.
Шагналыг аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга Л.Батцэцэг болон Улаан-Уул сумын Соёлын төвийн дарга Д.Агармаа нар гардуулан өглөө.
Тус аймгийн Улаан-Уул, Рэнчинлхүмбэ, Цагааннуур, Баянзүрх сумын дархад ястан нь өвөрмөц аялгуутай, уламжлалт дууны өвөөр үнэт баялагтай юм.
Дархад дууны ая нь сонсголонтой, үг нь оновчтой, цэц сайтай байдаг. Эрдэмтэн судлаачдын судалгаагаар дархад дууны 700 орчим бүтээл бүртгэгдсэн гэж үздэг.
Дархадууд дуу зохиохдоо тун гарамгай учир олон шинэ дуу төрүүлж, урын сангаа улам баяжуулж байна. Ингэснээр энэхүү соёлын өв нь зөвхөн дархад ястан төдийгүй бүс нутгийн хэмжээнд ч түгэн дэлгэрч байна.

Улаанбаатар