Мөнгөний үнэ цойлсон шалтгаанууд, 2026 оны төлөв

ТОЙМ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2026-01-23 15:36:02

УЛААНБААТАР, 2026 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Гренландын асуудлаар өөрийнх нь эсрэг байр суурьтай байгаа Европын холбоотнууддаа 10 хувийн худалдааны татвар ногдуулна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэний дараахан дэлхийн зах зээлд мөнгөний үнэ шинэ дээд үзүүлэлтэд хүрч өслөө. 


Даваа гаргийн өглөө Нью-Йоркийн Comex таваарын биржид болсон ээлжит арилжаагаар мөнгөний үнэ 94.12 ам.долларт хүрсэн байна. Өнгөрсөн оны 12 дугаар сарын эхээр унц нь 61 доллар байсан мөнгөний үнэ он дөнгөж гарангуут 90 доллароос давжээ. Энэ нь өнгөрсөн оны нэгдүгээр сард 29 доллар байсантай харьцуулахад даруй 3 дахин өссөн гэсэн үг бөгөөд ийм огцом өсөлт сүүлийн 50 жилд ажиглагдаагүй юм.


Өнгөрсөн онд үнэт ба чухал гэгддэг бараг бүх металлын үнэ огцом өссөн, гэхдээ тэдгээрийн дотроос мөнгөний үнийн өсөлт нь хашир шинжээчдийг хүртэл алмайрууллаа. Тухайлбал, бүтэн жилийн хугацаанд алтны үнэ 65 хувиар, цагаан алтны үнэ 88 хувиар, зэсийнх 30 гаруй хувиар тус тус өссөн байна. Цаг хугацааг улам урагшлуулваас, Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулан, ахмадуудын тэтгэврийг тэглэх тухай яригдаж байх үед, цар тахал дөнгөж дэгдэж байх үед буюу 2020 оны эхээр мөнгөний үнэ ёроолдоо хүртэл унаж, нэг унц нь 11,8 доллар болж байсантай харьцуулахад өдгөө 8 гаруй дахин өслөө.

Перу дахь мөнгөний уурхай 

Ерөнхийдөө өнгөрсөн онд мөнгөний эрэлт эрс өссөн нь геополитикийн нөхцөл байдал, Төв банкуудын алт худалдан авах хэмжээ, АНУ-ын Холбооны нөөцийн сангийн мөнгө-зээлийн бодлого, АНУ-Хятадын худалдааны дайн үргэлжилсээр байгаа, аж үйлдвэр салбар дахь технологийн дэвшил, нөөцийн хомсдол зэрэг шалтгаануудаас үүдэлтэй байлаа.


Геополитикоос үүдэлтэй шалтгаанууд гэвэл, өнгөрсөн оны эхээр Газын зурваст нөхцөл байдал улам дордож, Орос-Украины дайн ширүүссэн зэргээс шалтгаалан алтны үнэ өссөнийг дагаад мөнгөний үнэ нэмэгдсэн гэж үзэж болно. Мөн дэлхийн эдийн засгийн өсөлт тогтвортой байх эсэхэд итгэх итгэл буурч, эргэлзээ лавширсантай холбоотойгоор төв банкууд алтыг их хэмжээгээр худалдан авсныг дагаад мөнгөний үнэ ч мөн нэмэгдлээ.


Түүнчлэн АНУ-ын Геологийн албанаас мөнгийг нэн чухал хэрэгцээт материалуудын жагсаалтад оруулсан нь үнэ өсөхөд нөлөөлсөн байх талтай. Учир нь, Д.Трамп уг жагсаалтад багтсан бүх металлын импортод татвар ногдуулж магадгүй гэсэн болгоомжлолоос үүдэн хөрөнгө оруулагчид, үйлдвэрлэгчид нөөц бүрдүүлэх зорилгоор мөнгийг их хэмжээгээр худалдан авчээ.


Алтнаас хамааралт байдал


Ерөнхийдөө мөнгөний үнэ нь алтныхаас шууд хамааралтай байдаг тул тэдгээрийн үнийн өсөлтийн уг шалтгаанууд нь үндсэндээ ижил юм. Зах зээл тогтвортой байгаа нөхцөлд урт хугацаандаа хоёр металлын үнэ 82:1 гэсэн харьцааг барьсаар иржээ. Үүгээр тооцоолбол, өчигдрийн арилжааны явцад алтны үнэ түүхэн дээд үзүүлэлт буюу унц нь 4950 долларт хүрсэн үед мөнгөний үнэ 60 орчим долларт хэлбэлзэж байх ёстой. Гэтэл үүнээс 50 гаруй хувиар өндөр байгаа нь хөрөнгө оруулалтын хэрэгсэл гэдэг талаасаа мөнгө нь хэт өндрөөр үнэлэгдэж, спекулятив шинжтэй байгаа юм. Тиймээс энэ онд үнийн хөөс бага зэрэг хагарч магадгүй гэж зарим шинжээч үзэж байна.  


100 сая унцаас давсан хомсдол


Гэсэн хэдий ч аж үйлдвэрийн салбарт хомсдол арилахгүй бололтой. Дэлхий даяар олборлож буй мөнгөний 75 хувийг зэс, цайр, алтыг олборлох явцад дайвар хэлбэрээр ялгаж авдаг байна. Өнгөрсөн 2025 онд мөнгөний олборлолт  1 тэрбум унцаас давсан бол зах зээлийн эрэлт 1 тэрбум 100 сая орчим унц байв.  Харин энэ онд аж үйлдвэрийн салбарын хэрэглээ, гоёл чимэглэлийн салбар дахь мөнгөний эрэлт нэмэгдсэнээр хомсдол 120-130 сая унцид хүрэх ба сүүлийн 5 жилийн турш дэлхийн зах зээлд хомсдол үүсээд байгаа ажээ.

зураг дээр: дэлхийн улс орнуудын 2023 онд олборлосон мөнгөний хэмжээ 


Мөнгө бол нарны эрчим хүч, цахим техник, зай хураагуур үйлдвэрлэхэд болон анагаах ухааны салбарт чухал хэрэгтэй металл юм. Жишээ дурдахад, 1 гигаватт буюу 1000 мегаватт нарны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадлыг бий болгоход 500 мянган унц мөнгө шаардлагатай байдаг ажээ. Одоогоор аж үйлдвэрийн салбарт нийлүүлж буй нийт мөнгөний 29 хувийг нарны хавтангийн үйлдвэрүүд хэрэглэж байгаа бол TOPCon гэдэг технологи нэвтэрснээр 41 хувьд хүрэх төлөвтэй байгаа юм.  


Мөн цахилгаан автомашиныг үйлдвэрлэхэд дотоод шаталтын хөдөлгүүртэй машинтай харьцуулахад 67-79 хувиар илүү хэмжээний мөнгө зарцуулдаг байна. Үүний зэрэгцээ хиймэл оюун ухааны өгөгдлийн төвүүдийг олноор нь барьж байгаа нь цахим техникт юугаар ч орлуулшгүй металл болох мөнгөний эрэлтийг эрс нэмэгдүүллээ.   


Энэ үед LBMA буюу Лондоны алт мөнгөний зах зээлийн холбооны агуулахуудад 27 мянга гаруй тонн мөнгө хадгалагдаж байгаа боловч түүний багагүй хэсэг нь хамтын биржээр арилжаалагддаг санд (ETF) бүртгэгдсэн тул эргэлтэнд чөлөөтэй оруулах боломж хязгаарлагдмал юм.


Мөнгөний ETF-д оруулсан хөрөнгийн хэмжээ 26 508 тн-д хүрсэн төдийгүй жилд 4300 тн-оор нэмэгдэж байна. Гэтэл дэлхий даяар олборлож буй биет мөнгөний хэмжээ 26 мянган тн орчим байгаа юм. Үүний сацуу олборлолтоор дэлхийд тэргүүлдэг Мексик, Перу, Хятад улсууд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг төдийлөн сонирхохгүй байгаа юм.


Дээр дурдсанчлан, нийт мөнгөний ердөө 25 хувийг цэврээр нь олборлодог тул биржийн үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрч өслөө ч гэсэн олборлолтыг огцом нэмэгдүүлэх боломжгүй ажээ. Гэхдээ одоохондоо үнэт металлын биржүүд ба Comex таваарын бирж дэх мөнгөний нөөц хэвийн хэмжээнд байна.  


Үнийн өөдрөг таамаглалууд


Өнгөрсөн онд мөнгө болон бусад үнэт металлын үнэ хамгийн өөдрөг таамаглалуудаас ч хол давсныг шинжээчид хүлээн зөвшөөрч байна. Ялангуяа мөнгөний үнийн огцом өсөлт нь хэдийгээр дамлан наймаалах буюу спекулятив хөөсөрсөн шинжтэй байсан боловч цаашдаа 150 доллар/унцид хүрэх магадлал хэвээр байгааг дурджээ.


Мөнгө нь хөрөнгө оруулалтын хэрэгсэл болохын зэрэгцээ аж үйлдвэрийн салбарт нэн чухал хэрэгцээт металл учраас бүтцийн хомсдол улам нэмэгдэх төлөвтэй байна. Тодруулбал, энэ онд нарны хавтанг үйлдвэрлэхэд шаардлагатай мөнгөний хэмжээ 319 сая унцад хүрч, 8,5 хувиар, аж үйлдвэрийн бусад салбарын хэрэглээ 515 сая унцад хүрч, 3 хувиар өснө гэсэн тооцоолол бий.


Үүнээс үүдэн шинжээчид өөдрөг таамаглалуудыг дэвшүүлж байгаа юм. Тухайлбал, АНУ, Европын худалдааны сөргөлдөөн даамжирч буйгаас шалтгаалан мөнгөний үнэ оны эхний гурван сарын хугацаанд 100 долларт хүрнэ гэж Citigroup таамагласан бол үнэт металлаар дагнадаг Solomon Global компани оны эхний хагаст 100 долларт хүрнэ гэсэн байна. Харин дэлхийн хоёрдахь том банк болох Bank of America-гийн таамаглалаар энэ оны II хагас жилийн эхээр мөнгөний үнэ $100-оос давах ба оны эхний улиралд дундаж үнэ $85–90-д хэлбэлзэх ажээ. Дэлхийн хөрөнгө оруулалтын гол банкуудын нэг болох Goldman Sachs үнэт металлын үнийн энэ оны таамаглалдаа өөрчлөлт оруулж, алтны дундаж үнийг 5000 доллар, мөнгөний үнийг дунджаар 100 доллар гэж тогтоосон байна.


Гэхдээ үнэ ханшид өөрчлөлт орох магадлал бий. Тухайлбал, дэлхийн эдийн засгийн өсөлт саарах, электроникийн салбарт эрэлт буурах, долларын ханш чангарах, сэргээгдэх эрчим хүчний салбарын ирээдүй бүрхэг болсон нөхцөлд үнэ буурах магадлалтай. Алтныхтай харьцуулахад мөнгөний үнэ нь үргэлж илүү савалгаатай байдаг тул үнэ унах нь хэвийн үзэгдэл юм.


Нөгөөтэйгүүр, их хэмжээний мөнгө нөөцөлсөн дамчид ашиг олохын тулд үнийг зориудаар унагаж магадгүй. Гэхдээ үнэ тасралтгүй өссөөр байгаа бөгөөд жилийн дунджаар 60-70 долларт хэлбэлзлээ ч гэсэн мөн л өндөр байгаа юм.


Хамгийн сүүлд ирсэн мэдээллийг үзвэл, өнөөдөр буюу баасан гарагт Нью-Йоркийн Comex таваарын биржид болсон арилжааны явцад гуравдугаар сард нийлүүлэх мөнгөний үнэ 2,41 хувиар өсөж, 98,7 долларт хүрсэн байна. 

Холбоотой мэдээ