ГОВЬ-АЛТАЙ: Өсвөрийн шатарчдын “Цодгор хүү-2026” тэмцээнд идэвхтэй оролцохыг уриалав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг, 2026 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах “Цодгор хүү-2026” тэмцээн нэгдүгээр сарын 31, хоёрдугаар сарын 1-нд Есөнбулаг суманд болно.
Хүүхэд багачуудын дунд шатрын спортыг сурталчлан дэлгэрүүлэх, авьяас билгийг нээн хөгжүүлэх, ирээдүйн мастеруудыг бэлтгэх, хүүхдийн хүмүүжил, төлөвшлийг дэмжих зорилгоор аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас энэхүү тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг.
Есөнбулаг сумын Засаг даргын 2024-2028 оны хөтөлбөрт тусгагдсан нийтийн биеийн тамир, спортын олон төрөлт үйл ажиллагааг өргөжүүлэх ажлын хүрээнд аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, Есөнбулаг сумын ЗДТГ хамтран тэмцээнийг зохион байгуулахаар болжээ.
Тэмцээнийг Есөнбулаг сумын Засаг дарга, Алтай хотын захирагч Н.Золжаргалын ивээл дор 5, 7, 9, 11 насны охид, хөвгүүдийг хамруулан явуулах бөгөөд шатрын спортыг сонирхдог, авьяаслаг хүүхэд багачуудыг идэвхтэй оролцохыг уриаллаа.
Сонирхуулахад, “Цодгор хүү-2025” аймгийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээнийг таван насны ангиллаар зохион байгуулж, нийт 90 тамирчин оролцон оюуны хүчээ сорьж өрсөлдсөн юм.
Улаанбаатар