БАЯНХОНГОР: Ингэний сүүгээр олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2026-01-23 13:22:59

Баянхонгор, 2026 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Орон нутгийн "Их халбаганат" ХХК ингэний сүүгээр хоормог, ааруул, аарц, молоко, тараг зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бэлгийн багц болгон худалдаанд гаргажээ.


Багцад мөн дарс, шимийн архи, сабали, маяландарли жигнэмэг зэрэг бүтээгдэхүүн багтдаг бөгөөд жигнэмэг нь швейцар технологиор, ингэний сүүгээр зуурч хийсэн нь онцлог юм.


Баянхонгор аймгийн Баянлиг сумын тавдугаар багийн төвд үйл ажиллагаа явуулдаг “Их халбагант” ХХК бизнесийн гараагаа 2002 онд жижиглэн худалдаагаар эхлүүлжээ. Улмаар 2007 оноос талх, нарийн боов, 2009 оноос ингэний сүүний үйлдвэрлэл эрхлэх болсон байна.


Тус компанийнхан 2010 оноос хойш брэнд багцаа орон нутагтаа худалдаанд гаргаж эхэлсэн бол, өдгөө Улаанбаатар хот руу захиалгаар нийлүүлэхээс гадна ингэний сүүгээр бялуу, дарс зэрэг бүтээгдэхүүн ч үйлдвэрлэдэг болжээ.


Одоогоор тус компани 440 м.кв үйлдвэрийн байртай бөгөөд талх, нарийн боов, тараг, сүү, ааруул, хоормог, зайрмаг, бяслаг зэрэг олон нэр төрлийн органик, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Бүтээгдэхүүнийхээ 70 орчим хувийг ЕБС, цэцэрлэг, цэргийн анги зэрэг байгууллага болон сум орон нутагтаа нийлүүлж, үлдсэн 30 хувийг зэргэлдээ сум, Баянхонгор аймгийн төв болон Улаанбаатар хот руу нийлүүлдэг байна.


Ингэний хоормог нь аймагтаа анх удаа тохирлын тэмдэгтэй бүтээгдэхүүн болж, тус үйлдвэр чанарын менежментийн ISO 9001:2015 стандартыг бүрэн хангажээ. Үүний ачаар цэвэр, найдвартай бүтээгдэхүүнийг стандартын шаардлагад нийцсэн орчинд үйлдвэрлэх боломж бүрдсэн байна.


Ингэний сүүг боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр тэмээн сүргийн ашиг шимийг хүртэж, малчдын орлогын эх үүсвэр нэмэгдсэн төдийгүй тэмээгээ өсгөх сонирхол ч нэмэгджээ. 2025 оны эцсийн мал тооллогоор Баянлиг сум 210 мянган толгой мал тоолуулж, тэмээн сүргийн тоогоороо аймагтаа тэргүүлсэн байна.


Баянлиг сум  Улаанбаатараас 740 км, аймгийн төвөөс 220 км зайд оршдог.

Холбоотой мэдээ