БУЛГАН: Иргэд боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг тэргүүнд тавьж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2026 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очироор ахлуулсан ажлын баг Бүрэгхангай суманд ажиллаж, төр, төсвийн байгууллага, худалдааны төвийн төлөөлөл болон малчидтай уулзаж, өвөлжилтийн байдал, тулгамдаж буй асуудал, хэрэгжиж буй ажлуудын явцтай танилцлаа.
Засаг дарга Д.Пүрэв-Очир 2024-2028 онд хэрэгжүүлэх “Булганы сэргэлт” үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулж, иргэд, олон нийтийн асуултад хариулан санал хүсэлтийг нь сонслоо. Уулзалтад аймгийн ИТХ-ын төлөөлөгчид М.Бадам, Д.Мэндсайхан болон ажлын багийн гишүүд, сумын иргэд оролцсон байна.
Булган аймгийн Бүрэгхангай сум нь улсын төсвөөс татаас авдаггүй, эдийн засгийн хувьд бие даасан сум бөгөөд иргэдийн амьдрах орчныг сайжруулах ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Тухайлбал, 2025 онд Орон нутгийн хөгжлийн сангийн 49.5 сая төгрөгөөр сумын төвийн хяналтын камерыг нэмсэн бөгөөд 20 айлын орон сууцыг энэ оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Мөн боловсролын салбарт 9 оюутанд 32 сая төгрөгийн сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлсэн байна.
2026 онд орон нутгийн төсвөөр дараах ажлуудыг хэрэгжүүлэхээр тусгажээ:
•Сумын Эрүүл мэндийн төвд тусгай тоноглогдсон
авто машин-80 сая төгрөг
•Эрүүл мэндийн төвийн засвар-298 сая
•Сумын шинэ спорт заал- нийт 1,7 тэрбум, 2026 онд-700
сая
•Сумын төвийн төв замыг асфальтан хучилттай болгох ажлыг үргэлжлүүлэх-500 сая төгрөг.
Иргэдийн тавьсан санал хүсэлтээс дараах асуудлуудыг шийдвэрлэхээр болсон байна.
-
Нархан цэцэрлэгийн дуу хөгжмийн багшийн сургалтын тоног төхөөрөмжийг 100 хувиар шийдвэрлэх
-
ЕБС-ийн гал тогооны засварын ажлыг орон нутгийн төсөвт тусгуулах
-
“Англи хэлтэй Булган” хөтөлбөрийн хүрээнд Бүрэгхангай сумын ЕБС-ийг орчин үеийн техник хэрэгслээр хангагдсан гадаад хэлний танхимтай болгох 40 сая төгрөгийг шийдвэрлэх
-
Сумын спорт заалны асуудлыг шат шатны түвшинд анхаарч шийдвэрлэх юм.

Улаанбаатар