БАЯНХОНГОР: Ойрын 3–4 хоногт эрс хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2026-01-23 11:32:09

Баянхонгор, 2026 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагаас гаргадаг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр, нэгдүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цастай байна. 

Өнгөрсөн арав хоногт ихэнх нутгаар эрс хүйтэрч, хамгийн хүйтэн нь Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд -47-52 градус хүрсэн байна. Харин тал хээр, говийн нутгаар салхи түр зуур 16–27 м/с хүрчээ.


Ойрын 3-4 хоногт эрс хүйтрэх тул аймгийн Онцгой байдлын газраас иргэдэд дараах зөвлөмжийг өглөө.

  • Хүйтэнд тохируулан хувцаслах, удаан хугацаагаар гадаа байхгүй байх, өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ эрсдэлээс хамгаалах.

  • Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгах, ялангуяа хасах градуст аккумляторын ажиллагаа мууддаг тул найдвартай байдлыг нягтлах.

  • Осгож, хөлдөхөөс сэргийлж дулаан хувцаслах; аян замд гарахдаа нэмэлт дулаан хувцас, гар чийдэн, анхны тусламжийн хэрэгсэл авч явах.

  • Хөдөө орон нутгийг зорихдоо цасны гинж бэлтгэх, машины хөлдөлтийн түвшнийг шалгах.

  • Авто замд мөстөлт үүсэж болзошгүй тул огцом тоормослох, хурдтай зорчихоос зайлсхийх.


Эрс хүйтрэх нь гал түймэр гарах болон нүүрстөрөгчийн дутуу ислийн эрсдлийг нэмэгдүүлдэг тул аюулгүй халаалтын эх үүсвэр ашиглаж байгаа эсэхээ шалгах, илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх, настай хүмүүс халтирч унахаас болгоомжлох, тэжээвэр амьтдыг хамгаалах зэргээр болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Холбоотой мэдээ