Ой, бэлчээр, ногоон санхүүжилтийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Монгол Улс БНХАУ-тай байгаль орчны хамтарсан сургалт, чадавх бэхжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх, инновацын форум зохион байгуулах, дадлага, техникийн туслалцааг үе шаттай үзүүлэхээр тохиролцов.
Тухайлбал, Сэлэнгэ
аймгийн Шаамар, Алтанбулаг суман дахь Тужийн нарс байгалийн цогцолборт газарт түймрийн цамхгийн төсөл эхлүүлэх, Цөлжилт судалгааны хамтарсан төвийн барилгыг барьж дуусгах, БНХАУ-ын Ой, бэлчээрийн
агентлагтай хамтран Олон улсын бэлчээрийн өдрийг тэмдэглэх, COP17 хурлыг угтаж БНХАУ-ын инновац, сайн туршлагыг нэвтрүүлэхэд хамтран
ажиллана. Эдгээр нь хоёр орны хамтын ажиллагааг бодит
төслөөр бэхжүүлэх, COP17-гийн бэлтгэлийг туршлага, инновац,
техникийн шийдлээр дэмжих боломжийг бүрдүүлэхээс гадна ой, бэлчээр, цөлжилттэй тэмцэхэд урт хугацаанд тогтвортой хамтран ажиллах
суурь бий болгохыг БОУАӨЯ мэдээлжээ.
Энэ талаар БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар тэргүүтэй
төлөөлөгчид БНХАУ-ын Ой, бэлчээрийн
улсын агентлагийн дэд дарга Тан Линфан болон албаны удирдлагатай уулзах үеэрээ ярилцсан байна.
Сайд
Б.Батбаатар Монгол Улс ногоон бонд, нүүрстөрөгчийн зах зээл, тогтвортой хөрөнгө
оруулалтын санг хөгжүүлэх хэлбэрээр байгаль орчин, уур амьсгалын бодлогыг дэмжих санхүүжилт бий болгохоор олон улсын санхүүгийн
байгууллагатай хамтран
ажиллах, хувийн хэвшлийн оролцоог нэмэх нөхцөл бүрдүүлэх бодлого хэрэгжүүлж байгааг танилцууллаа. Мөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын
конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг энэ онд Монголд зохион байгуулахад байр,
байгууламж, логистикийн бэлэн байдлыг шат дараатай хангаж байгааг дурдав.
БНХАУ-ын ӨМӨЗО-ы
Ордос хотод 2017 онд хийсэн Цөлжилттэй
тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 13 дугаар бага хурал (COP13)-ын
туршлагад тулгуурлан, хурлыг зохион
байгуулах байр, байгууламж, логистик, оролцогчдын урсгал, орон нутгийн оролцоог
хангасан зохион байгуулалтын загварыг судлах боломжтойг агентлагийн удирдлагууд онцолжээ.
Улаанбаатар