ДОРНОД: УИХ-ын дарга Н.Учрал Дорнод аймагт ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2026 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их хурлын дарга Н.Учрал өнөөдөр Дорнод аймагт ажиллаж байна. Тэрээр яг одоо Хөгжимт драмын театрт иргэдтэй уулзалт хийж байна.
Дорнод аймгийн хэмжээнд Хүүхэд хамгааллын 24 хамтарсан баг ажиллаж, урьдчилан сэргийлэх чиглэлээр 1091 ажил хийж хэрэгжүүлсэн талаар УИХ-ын даргад танилцуулсан. ХГБХХЕГ-ын дарга Б.Баярсайхан: "Дорнод аймаг хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэлээр улсад жишиг болохуйц нэлээд ажлыг өрнүүлж байгаатай танилцлаа. Одоо багш нараа чадваржуулах, эцэг эхчүүдийг соён гэгээрүүлэх, байгууллага бүрийг хүүхэд хамгааллын бодлоготой болгох, тус аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд хүүхдэд ээлтэй байх зорилтыг тавих хэрэгтэй" гэж зөвлөв.

Ташрамд, Дорнод аймаг хүүхэд хамгааллын багаар дамжуулан 20 мянга орчим иргэн, 35 мянган хүүхэд, 1109 өрхийн 3114 эцэг эх, асран хамгаалагчид хүрч ажиллан, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлжээ.
Үүний дараа УИХ-ын дарга аймгийн төрийн байгууллагын удирдлагуудтай уулзалт хийлээ.
Аймгийн Засаг дарга Ш.Ёл: "Хөдөө аж ахуйн салбарт “Халхгол” үндэсний бүтээн байгуулалтын бүс болгон баталсан 500 мянган га талбайн асуудлыг бүхэлд нь цуцлуулах, газрын тосны нөөц ашигласны төлбөрөөс тухайн сум, орон нутагт ногдох хувь хэмжээг нэмэгдүүлэх, гэрлэх ёслолын танхим бүхий хүүхэд, гэр бүлийн хөгжлийн ордны барилга барих, МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн гадна инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл хийх, Дорнод Политехник коллежийн өргөтгөлийн барилга барих, сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд бодлогын дэмжлэг үзүүлэх, агро парк, өвлийн болон ухаалаг хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхэд дэмжлэг хүсч байгаагаа илэрхийллээ.
УИХ-ын дарга Н.Учрал уулзалтын үеэр Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэн, хүний эрх, эрх чөлөөг хангах зорилготой “Чөлөөлье” санаачилгын талаар мэдээлэл өгч, төрөөс иргэн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлэхдээ тавьж буй шаардлагууд буурахгүй, харин ч хууль давсан дүрэм, журам нэмэгдсээр байгааг анхааруулаад энэ хүрээнд хууль эрх зүйн орчны давхардал, хийдлийг арилгах зорилгоор УИХ-аас 12 ажлын хэсэг байгуулан салбар бүрд ажиллаж байгааг дуулгасан. Мөн хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж буй хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өгч, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаагаа онцлов.

Улаанбаатар