ДАРХАН-УУЛ: Умайн хүзүүний хорт хавдраар хожуу оношлогдох эрсдэл учруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2026-01-22 19:16:20

Дархан, 2026 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх сарын аяны хүрээнд өнөөдөр аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлэл хийлээ. Аймгийн хэмжээнд өнгөрсөн онд уг хавдраар 23 эмэгтэй шинээр оношлогдсоны долоо нь өвчний хожуу шатандаа илэрч, харамсалтайгаар нас барсан тохиолдол бүртгэгджээ.


Умайн хүзүүний хорт хавдар нь хавдрын өвчлөлийн дунд хоёрдугаарт, нас баралтын түвшнээр гуравдугаарт эрэмбэлэгдэж байна. Тус өвчнөөр оношлогдож буй эмэгтэйчүүдийн 42.8 хувь нь эрт шатандаа, харин 56.4 хувь нь хожуу шатандаа оношлогдож байгааг аймгийн Эрүүл мэндийн газраас онцоллоо.


Иймд эмэгтэйчүүд умайн хүзүүний эсийн шинжилгээнд заавал хамрагдах шаардлагатай бөгөөд 27, 45, 48 насандаа, өөрөөр хэлбэл гурван жил тутамд харьяа өрхийн эрүүл мэндийн төвдөө очиж шинжилгээ өгөхийг анхааруулж байна. Мөн 30 болон 40 насандаа гепатитын вирусний шинжилгээнд заавал хамрагдах шаардлагатай юм.


Аймгийн хэмжээнд нийт эмэгтэйн 66.1 хувь нь умайн хүзүүний хорт хавдрын шинжилгээнд хамрагдсан бол 40 хувь нь хамрагдаагүй байна. Энэ нь өвчнийг хожуу шатандаа оношлогдох эрсдэлийг нэмэгдүүлэх магадлалтайг аймгийн Эрүүл мэндийн газрын хорт хавдраас сэргийлэх хөтөлбөр хариуцсан их эмч А.Наранцэцэг ярилаа.




Түүнчлэн хүний хөхөнцөр вирусний эсрэг вакцинд 11–15 насны охидыг бүрэн хамруулах шаардлагатай байна. Хүний хөхөнцөр вирус нь 200–300 төрлийн хэв шинжтэй бөгөөд үүнээс хавдар үүсгэх эрсдэл ихтэй нь HPV-ийн 16, 18 дугаар хэв шинжүүд юм. Умайн хүзүүний хорт хавдар нь хүний хөхөнцөр вирусний халдвараас үүдэлтэй болохыг мэргэжилтнүүд онцолж байна.


Мөн бэлгийн замаар дамждаг халдварт өвчнүүд нь эхэн үедээ зовуурь, шинж тэмдэг бараг илэрдэггүй бөгөөд ихэнх тохиолдолд хожуу шатандаа зовуурь, шинж тэмдгүүд илэрдэг байна.




Аймгийн хэмжээнд өрхийн эрүүл мэндийн төвүүд умайн хүзүүний эсийн шинжилгээг тогтмол авч, үүнээс гадна зорилтот бүлгийн эмэгтэйчүүдтэй утсаар холбогдон шинжилгээнд хамрагдахыг сануулж, мэдээлэл өгч байна.


Мөн эмэгтэйчүүд умайн хүзүүний эсийн шинжилгээнд хамрагдахдаа дараах зүйлсийг анхаарах шаардлагатайг анхаарууллаа.


Тодруулбал, шинжилгээнд орохын өмнө сарын тэмдэг ирээгүй байх, өмнөх өдөр нь бэлгийн харьцаанд ороогүй байх, усанд ороогүй байх, мөн үтрээний лаа болон үтрээнд хэрэглэдэг ариун цэврийн хэрэгсэл ашиглаагүй байх шаардлагатайг мэргэжлийн эмч нар зөвлөж байна.


Шинжилгээ нь эсийн (гистологийн) түвшинд хийгддэг тул хариу нь тодорхой хугацааны дараа гардаг. Хэрэв ямар нэгэн өөрчлөлт илэрвэл тухайн иргэнд утсаар мэдэгдэж, дараагийн шатны лавлагаа үйлчилгээ рүү илгээдэг байна.


Холбоотой мэдээ