ДАРХАН-УУЛ: Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох ухаалаг мал аж ахуй, гамшгийн эрсдэлийн удирдлагын сургалт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2026 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшгаас хамгаалах сургалтын төв, 116 дугаар анги, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран сумдын засаг дарга, ЗДТГ-ын дарга, аймгийн ХХААГ-ын мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтад хамруулж байна.
21 аймгийн хэмжээнд зохион байгуулж буй “Уур амьсгалын өөрчлөлтөд ухаалаг мал аж ахуй, гамшгийн эрсдэлийн удирдлага” сэдэвт сургалт энэ сарын 22, 23-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт болж байна.
Энэхүү сургалт нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд өртөмтгий бүс нутагт оршин суугаа иргэдийн амьжиргааг хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулахад онцгой ач холбогдолтой юм.

Уур амьсгалын өөрчлөлт, мал аж ахуйн тогтвортой хөгжил, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах арга замын талаар онол, дадлагыг сумдын засаг дарга, ЗДТГ-ын дарга нарын дунд хоёр өдөр зохион байгуулна.
Тодруулбал, сургалт нь уур амьсгалын өөрчлөлтийн ХАА, МАА-н салбарт үзүүлэх нөлөө, үүнийг сааруулах шийдлүүд, ХАА, МАА-н салбарт гамшгийн эрсдэлийг бууруулах менежмент, бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөлт, гамшгаас хамгаалах хууль тогтоомж, мөн уур амьсгалд тохирсон МАА-н засаглалын хүрээнд орон нутгийн засаг захиргааны эрх, үүрэг, хариуцлагыг хамарсан 8 бүлгийн сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтад Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн сумдын засаг дарга, ЗДТГ-ын дарга нар хамрагдаж, бригадын генерал Б.Ууганбаяр сургалтыг удирдан явуулж байна.
Улаанбаатар