ХӨВСГӨЛ: “Хөх сувд” мөсний баяр гуравдугаар сарын 2-4-нд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2026-01-22 14:42:11

Мөрөн, 2026 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭХөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хөх сувд-2026” олон улсын мөсний баяр энэ оны гуравдугаар сарын 2-4-ний өдрүүдэд болно.


Мөсний баярыг зохион байгуулах комиссын даргаар аймгийн Засаг даргын орлогч Ц. Гансүх ажиллаж байна. 


Тус баярыг зохион байгуулах ажлын баг хуралдаж, ажлын төлөвлөгөө болон зохион байгуулах үйл ажиллагаануудын талаар санал солилцсон бөгөөд ирэх 7 хоногт хөтөлбөрийг гаргаж, олон нийтэд хүргэхээр болжээ.


Мөсний баярыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд гадаад, дотоодын олон аялагч, жуулчин сонирхон оролцдог Монголын аялал жуулчлалын салбарын хамгийн томоохон үйл ажиллагааны нэг юм.


Анх 2000 онд “Далай ээж” хэмээн хүндлэн нэрлэдэг Хөвсгөл нуурыг хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын байгаль орчны байцаагч Д.Лхагвацогт, Ж.Төмөрсүх нарын санаачилгаар “Сантын өвөр” гэдэг газарт мөсний баяр зохион байгуулж, арваад чаргатай морины уралдаан болж нутгийн иргэд оролцож байжээ.


Харин 2001 оноос мөсний баярын хүрээ тэлж, өнөөдрийг хүртэл уламжлал болгон тэмдэглэж, Монгол Улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгэн чухал ажил болон өргөжин хөгжиж байна.


“Хөх сувд” мөсний баярт сүүлийн жилүүдэд 20 мянга гаруй иргэн оролцдог бөгөөд Япон, Солонгос, Герман, АНУ зэрэг гадаадын олон зочин, төлөөлөгч зорин ирдэг байна.


Мөсний баярын үеэр мөсөн шагайн тэмцээн, унадаг дугуй, тэшүүрийн тэмцээн, мото спортын үзүүлэх тоглолт, нохой чарганы уралдаан, мөсөн дээрх олс таталт, буухиа тэмцээн, “Аав ээж би” тэмцээн, тахтай хатирч морьдын уралдаан, аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн урлагийн тоглолт, бөөгийн тахилга, зан үйл зэрэг олон үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг . 

 

Холбоотой мэдээ