БАЯНХОНГОР: Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл болон эрсдэлийн үнэлгээ хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2026-01-22 13:55:42
Баянхонгор, 2026 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөл энэ оны анхны хурлаараа үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

Хурлаар 2026 онд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаануудыг төлөвлөхөөр болсон байна.


Оны ажлын хүрээнд ахуйн нэгж, байгууллагад ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг үнэлж, эрсдэлийн үнэлгээ хийхээр төлөвлөжээ. Үүний үндсэн дээр эрсдэлийг бууруулах санал, зөвлөмжийг хүргүүлж, хэрэгжилтийг хангуулна. Мөн мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тандалт судалгаа хийж, эрсдэлийг тодорхойлж дүн шинжилгээ хийхээр болсон байна.
Мөн малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, бичил бизнес эрхлэгчдийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааг тогтмол зохион байгуулахаар болсон байна.

Түүнээс гадна эрсдэл ихтэй салбарт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх, ажил олгогч, ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх сургалтыг тогтмол явуулахаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ