БАЯНХОНГОР: Улсын математикийн олимпиадад оролцох эрх авсан багш, сурагчидтай уулзлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2026 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Улсын математикийн 62 дахь олимпиадад оролцох эрх авсан Баянхонгор аймгийн багш, сурагчдыг Засаг дарга Э.Энхбат хүлээн авч уулзлаа.
Баянхонгор аймаг 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан олон талт ажил зохион байгуулж буй бөгөөд тэдгээрийн нэг нь улсын математикийн 62 дугаар олимпиад юм.
Уулзалтын үеэр Засаг дарга Э.Энхбат, “Математикийн хичээлд дуртай, энэ чиглэлээр улс, бүсийн олимпиадуудад амжилттай оролцож буй олон сайн жишээтэй багш, сурагчдаараа аймгийн удирдлагын хувьд бахархаж явдаг. Орон нутагтаа зохион байгуулах улсын олимпиадад бахдам амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна” хэмээн захив.
Харин багш, сурагчид улсын математикийн олимпиадыг орон нутагтаа зохион байгуулах болсонд баяртай байгаагаа илэрхийлж, бэлтгэлээ сайтар ханган ажиллаж байгаагаа онцоллоо.
Улсын математикийн 62 дахь удаагийн олимпиадыг тус олимпиадын таван удаагийн аварга, багш Б.Баяржаргалын нэрэмжит болгон тус аймагт зохион байгуулахаар товлоод байна.
Баянхонгор аймаг анх 1996 онд улсын математикийн 32 дугаар олимпиадыг зохион байгуулж байсан бол 30 жилийн дараа буюу энэ онд дахин орон нутагтаа зохион байгуулахаар болжээ.
2026 оны олимпиадын нэрэмжитээр тодорсон зөвлөх багш Б.Баяржаргал нь улсын математикийн олимпиадад 1996, 1998, 2004, 2005, 2013 онд түрүүлж таван алт, 2003, 2008, 2012 онд дэд байр эзэлж гурван мөнгөн медаль хүртжээ. Тэрбээр улсын математикийн олимпиадын түүхэнд багшийн ангилалд таван удаа түрүүлсэн цөөн хүний нэг юм.
Улаанбаатар