БУЛГАН: Монгол Улсын анхны гурилын үйлдвэрийг 1958 онд ашиглалтад оруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2026-01-22 09:18:24

Булган, 2026 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол Улсын анхны гурилын үйлдвэрийг 1958 оны 12 дугаар сард Булган аймагт байгуулжээ.


1958-1960 онд хэрэгжсэн Улсын ардын аж ахуйг хөгжүүлэх “Гурван жилийн төлөвлөгөө”-нд атар газар эзэмшиж, гурил тэжээлийн үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх, дотоодын гурилын хэрэгцээг хангах, малын тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилтыг тусгасан байдаг. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд ЗХУ-ын хөрөнгө, техник болон мэргэжилтнүүдийн тусламжтайгаар Монгол Улс ийнхүү анхны гурилын үйлдвэртэй болжээ.


Үүний дараахан Улаангом, Чойбалсан суманд гурилын үйлдвэрүүд ашиглалтад оржээ.


1960 оноос эхлэн тариалсан ургацаа хураан авч, түүгээрээ өөрийн гурилын хэрэгцээг бүрэн хангадаг анхны аймаг болсон бөгөөд тус гурилын үйлдвэрийн үйлдвэрлэлийн хүчин чадал жилээс жилд өсөн нэмэгдэж байв.


1959 онд анхны үйлдвэрлэлээ эхлүүлж 4500 тонн гурил үйлдвэрлэж байсан тус үйлдвэр 1975 он гэхэд жилд 11,500 тонн, 1985 онд 20,000 тонн гурил үйлдвэрлэх хүчин чадалтай болж, үйлдвэрлэлийн хэмжээ тасралтгүй өссөн байна. Улмаар 2009 он гэхэд үйл ажиллагаа нь улам өргөжжээ.


Мөн 1970 онд жилд 18,000 тонн багсармал тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай цех байгуулснаар үйлдвэр гурил, тэжээлийн комбинат болон өргөжиж, хүн амыг гурилаар, мал аж ахуйн салбарыг тэжээлээр хангадаг анхдагч, чухал ач холбогдол бүхий үйлдвэр болсон юм.


Уг үйлдвэр нь тээрмийн, тэжээлийн, элеваторын, засварын, цахилгаан сантехникийн, техник-химийн болон хяналтын цех, тасгуудаас бүрдэж байв. Тариа хүлээн авах, цэвэрлэх, хатаах, тээрэмдэх, савлах зэрэг үйлдвэрлэлийн ажлын 96 хувь нь механикжсан бөгөөд 200 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулж байсан ажээ.


Энэхүү ууган үйлдвэр нь аймгийнхаа хүн амын хэрэгцээг хангаад зогсохгүй, ойр зэргэлдээх аймгуудын гурил, малын тэжээлийн хэрэгцээг хангах хэмжээнд хүрчээ. Харин 1991 оноос эхлэн “Гурил тэжээл Булган” ХХК болон өөрчлөгдөн, үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлж байна.


Булган, Улаанбаатар, Улаангом, Сэлэнгэ, Дархан, Өвөрхангай зэрэг тариалангийн бүс нутгуудад гурилын үйлдвэрүүд дараалан ашиглалтад орсонтой холбогдуулан 1972 онд “Гурилын үйлдвэрийн нэгдэл” байгуулжээ.


Энэ үеэс эхлэн гурил, тэжээлийн үйлдвэрлэлийн стандартыг тогтоож эхэлсэн бөгөөд 1963 онд хэвлэгдсэн “Талх, чихэр боовон бүтээгдэхүүний улсын стандартуудын эмхэтгэл”-д “Улаан буудайн гурил УСТ 244-60”, “Хүүхдийн будаа УСТ 243-60” хэмээн тус тус бүртгэгдсэн байна. Гурилын чанарыг үнслэг, цавуулаг зэрэг физик, химийн үндсэн үзүүлэлтүүдээр тодорхойлдог байжээ.

Холбоотой мэдээ