БАЯНХОНГОР: Зуухны суурингийн олдвор зэс хайлуулж байсныг гэрчилдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2026 оны нэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Монгол орны нутгаас олдсон шинэ чулуун зэвсгийн үеийн олдворын нэг нь Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутгийн зүүн өмнөд хэсэгт оршдог Зуух хэмээх суурингийн ул мөр юм.
Тус газраас малталтаар олдсон эд зүйлсийн дотор 46х35х9 см хэмжээтэй хоёр зуух байсан нь НТӨ 4000-3000 жилийн тэртээ зэс хайлуулж байсныг илтгэж байна.
Энэхүү сууринг анх 1985 онд Монгол-Зөвлөлтийн түүх, соёлын хамтарсан экспедицийн Чулуун зэвсгийн дурсгал судлах ангийнхан илрүүлжээ. Тус газар нь Баянлиг сумын төвөөс Өвөрхангай аймгийн Богд сум руу орох зам дагуу, Хатан суудлын уулаас 25 км зайд оршдог.
Зуухны суурингийн газар зүйн байршил нь Баян загтай ойролцоо бөгөөд 1985, 1995 онд хийсэн судалгаагаар эндээс археологийн дурсгал бүхий дөрвөн суурин олдсоноос нэг нь хуучин чулуун зэвсгийн, нөгөө нь хүрэл зэвсгийн түрүү үеийн дурсгалтай байсан нь тогтоогджээ.
Шинэ чулуун зэвсгийн дурсгал бүхий хэсгээс төрөл бүрийн 9 000 орчим чулуун зэвсэг, ялтас, залтас, хусуур хутга, хутган ялтас, сумны зэв, жадны үзүүр, тариа боловсруулахад ашигладаг самбар чулуу, нухуур чулуу зэрэг олдсон байна. Мөн амьтны 20 гаруй яс, цацагт хяруулын өндөгний хальс, шавар ваар савны хагархай илэрчээ. Эдгээр олдворыг улаан, бор, шар өнгийн хаш, мана, цахиур, хайрга, элсэнцэр чулуугаар урласан байжээ.
Зуухны суурингаас олдсон нэгэн онцгой олдвор нь цагаан саарал өнгийн цахиурлаг чулуугаар хийсэн том жадны гилбэр үзүүр (173×77×33 мм) юм. Энэ жадны үзүүр нь өмнө Монголын нутагт олдоогүй төрөлд багтдаг бөгөөд байгалийн элэгдэлд ороогүй, навчин хэлбэрийн сумны зэв шиг хэлбэртэй. Гүдгэр гадаргатай, ир суулгаагүй суурьтай бөгөөд хоёр талдаа, хоёр захын ирмэгийг сайтар ирлэн боловсруулжээ. Ирний хэлбэр нь шаталсан, тэгш бус хэмтэй бөгөөд төв хэсгийн гүдгэр талбай байгалийн төрхөөрөө хадгалагдан үлдсэн нь онцлог юм.
Ташрамд, Баянлиг сум нь аймгийнхаа зүүн өмнөд захын сум бөгөөд Улаанбаатараас 870, аймгийнхаа төвөөс 240 км зайд оршдог, 119 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай. Урд талаараа Өмнөговь аймгийн Сэврэй, Гурвантэс сумтай 270 км, баруун болон баруун хойд талаараа өөрийн аймгийн Баянговь, Богд сумтай 180 гаруй км, зүүн хойд болон зүүн талаараа Өвөрхангай аймгийн Богд сумтай 110 гаруй км нутгаар хиллэдэг.
Улаанбаатар