БУЛГАН: Сумдад хийж буй бүтээн байгуулалттай танилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2026-01-21 17:36:05

Булган, 2026 оны нэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очироор ахлуулсан ажлын баг Могод суманд ажиллаж, сумын болон малчин өрхийн өвөлжилтийн байдалтай танилцлаа. 


Ажлын баг Могод сумын төр, төсвийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцлоо. Мөн аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир иргэд болон төрийн албан хаагчидтай уулзан, “Булганы сэргэлт” үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулж, тэдний санал, хүсэлтийг сонссон байна.


Тус суманд өнгөрсөн онд Орон нутгийн хөгжлийн сангийн 104 сая төгрөгөөр эрүүл мэндийн туслах барилгын засвар, халаалт, цэвэр, бохир усны шугам, гэрэл цахилгааны холболтын ажил хийсэн байна. Мөн 1 тэрбум төгрөгийн өртгөөр усны эх үүсвэрийг хамгаалах, хуримтлуулах, зүй зохистой ашиглах зорилгоор усан хангамжийн төвлөрсөн шугам сүлжээний ажил хийжээ. 


2025 онд хийсэн томоохон бүтээн байгуулалтын нэг нь Сайхан, Могод сумын иргэдийн олон жилийн хүлээлт болсон Орхон голын Сөрдөгийн гарамд хөвдөг бярвааз ашиглалтад оруулсан юм. Мөн Могод суманд 24 айлын орон сууц бүхий “Цэнгэг хотхон” төслийн зураг төсвийг боловсруулахаар төлөвлөсөн байна.


Аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир Могод сумын иргэдтэй уулзах үеэр төрийн албан хаагчид, иргэдээс дараах тулгамдсан асуудлуудыг хөнджээ. 

• Ерөнхий боловсролын сургуулийн ширээ, сандлын асуудлыг Боловсролын яаманд уламжлан хүргүүлэх

• Эрүүл мэндийн төвийн төрөхийн өмнөх тасгийг дулааны шугамд холбох 33.5 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэх

• Сумын төвийн инженерийн шугам сүлжээний үргэлжлэлийг улсын төсөвт 2.8 тэрбум төгрөгөөр суулгуулах

• Соёлын төвийн шинэ барилгын зураг төсвийг аймгийн төсөвт суулгуулах зэрэг асуудлыг дэвшүүлсэн байна.










Холбоотой мэдээ