Г.Лхагважав: Гар аргаар нүдсэн тан чанартай болдог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2026-01-21 12:09:31

Булган, 2026 оны нэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Эдгэшгүй хүнд өвчин нь өөрийгөө эмчлэхийн тулд ихийг сурч, эмийн ургамлыг хэрэглэн бусдыг эмчлэх арга барилд хүргэж, олны дунд “маарамба” хэмээн хүндлэгдсэн Гомбын Лхагважавтай ярилцлаа.


-Түмэн олонд тус болж суудаг маарамбын үйл хэргийг сонирхвол?

-Би бол маарамба биш ээ. Багшийнхаа зарлигийг гүйцэлдүүлж түмэн олны тусад жаахан нэмэр болохоор мэддэг өвс, ургамлаа хэрэгтэй хүнд нь хүргэхийг зорьж суугаа нэгэн. Жор үзсэн эмчээс зовлон үзсэн чавганц … гэдэг шиг хүндээр өвдөж түүнээ ялан дийлэхийн тулд ихийг сурч, олон сайхан маарамбаас авшиг хүртсэн хүн.


-Та ямар өвчнөөр өвдсөн бэ? 

-1978 онд, 20 гаруй настай байхдаа уушги муудаж, сүрьеэгийн эмнэлэгт гурван жил хэвтсэн. Ингээд хот руу уушгины архаг сүрьеэтэй хэвтэхээр явсан юм. Удаан хэвтэж эмчлүүлсний эцэст маргааш хагалгаа хийх шаардлагатай, өөр эмчилгээ байхгүй хэмээн хэлж, намайг I эмнэлэгт зүрхний бичлэг хийлгээд ир гэж явуулсан. Зүрхээ үзүүлтэл зүгээр байна гэж гарсан ч, би эргэж очихоос айгаад зугтаачихсан юм.


-Тэгээд яаж эмчилсэн бэ?

-Нутагтаа ирээд хөгшчүүлээс ямар өвс8 ургамал хэрэгтэйг асууж сураглаад л яваад байлаа. Манай аймаг чинь их олон сайн маарамбатай байсан юм. Тэдний зөвлөж зааж өгсөн ургамлын тухай уншиж судалъя гэхээр төвөд үсгээр бичигдсэн байсан. Ингээд л төвөд бичиг шамдан сурах хэрэгтэй болсон. Овоо ч хэдэн үсгээ нүдлээд хичээж байгаад Зийрэмбэ багштайгаа уулзаад их юм заалгаж зурхайн ойр зуурын юм мэдэж авлаа.


-Та хэдэн настай тан барьж эхэлсэн бэ?

-Дараа нь шинэ хороонд Балдан маарамба багш маань морилж ирээд би байнга очиж ургамал нүдэж өгнө, багш тан хийж надад болон өвдсөн хүмүүст өгдөг байлаа. Ингэж байгаад тун удалгүй багшийг хоёр ч удаа цагдаа дуудсан бөгөөд бүх зүйлийг нь хураан авчихсан. Багш минь ч удалгүй жанч халах болж, надад ямар ч байсан эм тан хийж, хүн, амьтны тусын тулд хүртээж байгаарай гэж захиас зарлиг буулгасан юм. Би ч овоо өвс, ургамал таньж, орц найрлага мэддэг болсон учир өөрөө ч уугаад хүмүүст ч өгдөг байлаа. Багш маань цагийн ороо бусгаа үе байсан ч их олон хүн эдгээсэн дээ. Би ингэж л багшийнхаа заавраар 20 гаруйхан насандаа тан барьж эхэлсэн. Өөрийнхөө уушгины "рак" гэж оношлогдсон өвчнөө ч эдгээсэн.


-Та төвөд бичгээ хэр удаан сурсан бэ?

-Өвчний эрхээр л төвөд бичгийг маш хурдан сурсан. Би чинь 2-р зэргийн групптэй. Ямар ч тамиргүй, цустай ханиадаг байсан хүн шүү дээ. Хий л ядраад байдаг байсан. 1970-1980 оны үед гадаад эмийн ургамлыг олох бол маш хэцүү байсан, одоо ч амархан болсон. Эмийн ургамлыг төвөд, англи хэлээр л олж авдаг.


-Таныг зорьж хол ойроос олон хүн ирж тан авч уугаад эдгэлээ гэж яригддаг?

-Тэр Лхагважав гуайн сайных биш л дээ, лам багшийн ач. Ламын ач гэдэг их агуу. Би бол багшаас сурсан эрдмээр зарлигийг биелүүлэгч төдийхөн. Хүүхдийн хатгаа, бөөр гэх мэт өвчнийг анагаах тангаа барьдаг. Гэхдээ монгол хүнд хий, шар, бадган гурваас ангид өвчин байдаггүй гэдэг юм. Энэ гуравт нөхцөл учраад урвахыг өвчин гэдэг.


-Танд шавь бий юу?

-Би шавь аваад төгс болгож чадахгүй учир дацанд сурахыг зөвлөдөг.


-Тангийн тун, найрлага ижил байдаг уу?

-Ерөнхийдөө ижил байдаг, төвөд бичигт заавар номд заасан. Гэхдээ танг гар аргаар уур нүдүүрт нүдэж хийх нь чанартай болдог. Ургамлаа түүх, хатаах, нүдэх, холихоос эхлээд уух дүрэм, журмаа нарийн баримталбал тан үр дүн өндөр байдаг. Харин европ эм өвчнийг дарж чадахгүй бол өвчний нөхөр болох тохиолдол бий. Үүнийг “өвчнийг дэмждэг” гэж үздэг.


-Бурхны номд уламжлалт зан үйл түлхүү байдаг уу?

-Монгол хүнд уламжлалт ёс суртахуун маш их хэрэгтэй. Наад зах нь багшийн зарлигийг заавал биелүүлэх хэрэгтэй гэх мэт. Ер нь бурхны сургаалын зохиолуудыг бага наснаас нь сонсгож, суурь хүмүүжлийг гэрт нь олгох нь чухал гэж үздэг. Цэцэрлэгээсээ ёс суртахуунд сурах хэрэгтэй. Хүний бага насанд тархинд суусан зан суртахуун насан турш мартагдахгүй. Энэ хорвоод эхийн сүүнээс илүү рашаан байхгүй, эцгийн алганаас илүү шан байхгүй. 4-10 насанд эцгийн алга заавал байх даруулга хэрэгтэй. Хүүхэд арван нас хүртлээ бурхан сэтгэлгээтэй байдаг юм.


-Сүсэг бишрэл хүн бүрд байх хэрэгтэй юу?

-Жинхэнэ монгол хүнд заавал байх гурван үндэс бий. Нэгд, шүтээнтэй байх; хоёрт, сүсэг төгөлдөр байх; гуравт, малаа барж модоо бүү эвд, таван хошуу малаа хүнсэндээ зөв хэрэглэ. Хилэнц, нүгэл өчүүхэн ч гэлээ эс үйлдэж, буяныг хотол чуулган болгон үйлдэж, өөрийн муу сэтгэлийг номхотгохыг бурхны шашин гэж үздэг.

-Ярилцсанд баярлалаа

Холбоотой мэдээ