Нэрт эрдэмтэн “Лувсанванданы өдөр”-ийг жил бүр тэмдэглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2026-01-20 16:38:12

Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимээс “Лувсанванданы өдөр” дурсамж, сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.


Энэ үеэр МУГБ, доктор, профессор Ш.Лувсанванданы охин Л.Маналжав ярихдаа, “Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан аавынхаа эрдэм шинжилгээний өвийг үргэлжлүүлж, насан туршдаа цуглуулсан, хэл шинжлэлийн чиглэлийн англи, орос хэлээрх 150 орчим ховор, үнэ цэнтэй номыг Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимд хандивласан. Эдгээр ном ерөнхий болон бүтцийн хэл шинжлэл, түрэг хэл, Алтай судлал зэрэг сонгодог судалгааны бүтээлээс бүрдэж байгаа. Олон багш, судлаач, оюутан, дараагийн үеийнхэн уншиж, судлах боломжтой. Хувийн номын санг олон нийтэд өвлүүлэн үлдээх нь монголчуудын эрдэм соёлын өвийг хамтач байдлаар уламжлуулах чухал жишээ” хэмээн тодотгов.


Мөн тэрбээр “Барууны их сургуулиудын нэрт эрдэмтэд өөрсдийн хувийн номын санг сургуульдаа өвлүүлэн үлдээдэг жишээ бий. Аавынхаа номыг хэрэглэх хүнд нь хүргэх нь хамгийн зөв зам юм. Энэ нь зөвхөн нэг хүний дурсамж бус, монгол хэл шинжлэлийн эрдэм судлалын үргэлжлэл, соёлын өвийг хадгалж үлдэх бодитой хувь нэмэр гэж үзэж байна” гэв.


МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш, доктор Г.Баттогтох, “Ш.Лувсанвандан багш МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимд хэлний судалгааны бүх түвшинд идэвхтэй ажиллаж, толь бичиг, сурах бичиг, нэг сэдэвт бүтээлүүд болон олон арван эрдэм шинжилгээний өгүүлэл бичсэн. Эдгээр бүтээл нь Монгол Улсад монгол хэл шинжлэлийн салбарын суурь судалгаа болж, цаашид олон судлаач төрөн гарч, монгол хэлийг судлан шинжлэх ажлыг өргөжүүлэн хөгжүүлэх үндэс болсон” хэмээн тодотгов.


Мөн тэрбээр “Ийм үлэмж гавьяатай Ш.Лувсанвандан багш хэлний бүтэц, ерөнхий хэл шинжлэл, хэлний гүн ухааны чиглэлээр голлон ажиллаж, монгол хэлийг гадаадын монгол судлаачдын судалгаатай харьцуулан шинжилж, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлтүүдийг гаргасан. 1930-аад оноос монгол хэл шинжлэлийн салбарт идэвхтэй ажиллаж, 1945 онд тухайн үеийн МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийг үүсгэн байгуулж, сургалт судалгааны үндэс суурийг тавьсан нэрт эрдэмтэн юм. Орчин цагийн монгол хэлний судалгааг улсын дээд боловсролын тогтолцоонд шинжлэх ухааны үндэстэй судлах, заах, сурган таниулах тогтолцоог бүрдүүлэхэд манлайлан оролцож, энэ бүхний эхлэлийг тавьсан хүмүүсийн нэг билээ. Түүнчлэн уугуул монгол хэлний гүн мэдлэгт тулгуурлан, хэлний зүй тогтлыг монгол хүний сэтгэлгээ, хэлний онцлогийн үүднээс тайлбарлан задлан шинжилсэн нь түүний судалгааны онцлог юм. Энэ утгаараа монгол хэл шинжлэлийн салбарт манлайлан ажилласан нэрт эрдэмтэн байсан” гэв.


МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим 2025 оны 12 дугаар сарын ээлжит хурлаараа Ш.Лувсанванданы мэндэлсэн өдрийг тэмдэглэж байхаар шийдвэрлэжээ. Үүний дагуу жил бүрийн нэгдүгээр сарын 20-ны өдрийг "Ш.Лувсанванданы өдөр" болгон тэмдэглэх юм.


Энэ нь олон улсын их, дээд сургууль, мэргэжлийн судалгааны байгууллагад түгээмэл байдаг жишиг юм. Тухайн салбарын үндэслэгч, гарамгай гавьяа байгуулсан эрдэмтдийн нэрэмжит өдрийг тэмдэглэж, шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг хүндэтгэдэг уламжлалтай нийцэж байгаа юм.


Цаашид энэ өдөр зөвхөн МУИС төдийгүй, бусад их, дээд сургууль, мэргэжлийн судалгааны байгууллагын монгол хэл, хэл шинжлэлийн салбарынхны мэргэжлийн баярын өдөр болон өргөжин хөгжих боломжтой аж.



Холбоотой мэдээ