БАЯНХОНГОР: "Баянхонгор ба дахин төлөвлөлт" хэлэлцүүлэг өрнүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2026 оны нэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг даргын урилгаар “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн холбогдох хэлтэс, албаныхан энэ сарын 20, 21-нд Баянхонгор аймагт ажиллан, гэр хорооллын дахин төлөвлөлт, шийдэл, хууль эрх зүйн орчин сэдвийн хүрээнд уулзалт, сургалт хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Баянхонгор аймгийн ЗДТГ-аас "Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК-тай хамтран зохион байгуулж буй "Баянхонгор ба дахин төлөвлөлт" хэлэлцүүлэг, сургалтад Баянхонгор сумын ЗДТГ, ГХБХБГ, "Баянхонгор-Эрчим хүч", "Чандмань Баянхонгор" ХК, "Баянхонгор тохижилт үйлчилгээ" ОНӨААТҮГ, "Цэвэр хот" ОНӨААТҮГ зэрэг мэргэжлийн байгууллагууд, багийн дарга нар, орон нутгийн барилгын компанийн төлөөллүүд оролцож байгаа юм.

Аймгийн Засаг дарга Э.Энхбат хэлэлцүүлгийг нээж үг хэлэхдээ, “Утаа, агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн хэд хэдэн ажил төлөвлөсөн бөгөөд үүний нэг нь дахин төлөвлөлт юм. Энэ хүрээнд нийслэлд амжилттай хэрэгжиж буй ажлуудыг танилцуулах зорилгоор З.Төмөртөмөө захиралтай “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн холбогдох багийг орон нутагтаа урьж ажиллуулж байна.
Нийслэлд хэрэгжүүлж буй сайн жишээг орон нутагтаа үр дүнтэй хэрэгжүүлэхэд энэхүү сургалт, хэлэлцүүлэг чухал дэмжлэг болно. Сургалтын хүрээнд өгч буй сэдэв, агуулгыг манай мэргэжлийн байгууллагууд, мэргэжилтнүүд сайтар судалж, ажил хэрэг болгоход чухал нөлөө үзүүлж, бодит үр дүн гаргана гэдэгт итгэж байна” гэв.
“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн захирал З.Төмөртөмөө,“Аймгийн Засаг дарга Э.Энхбат утааг бууруулах тэргүүлэх зорилтынхоо хүрээнд биднийг урьж, нутаг орондоо хариуцсан асуудлыг дэмжин ажиллаж байгаад талархаж байна. Энэ жил Улаанбаатар хотод 12 мянган айлын орон сууц барьж байна. Үүнд “Улаанбаатар орон сууцжуулалтын корпораци” тодорхой үүрэг хүлээн, үүргээ амжилттай хэрэгжүүлэн оролцоогоо ханган ажиллаж байна.
Хөдөө орон нутгаас “Улаанбаатар орон сууцжуулалтын туршлагаас суралцъя” гэсэн санаачилгыг анхлан Баянхонгор аймаг гаргасанд баяртай байна. Сургалт, хэлэлцүүлгийн үр нөлөөг нэмэгдүүлэх үүднээс та бүхнийг нийслэлд авчирч, “Сэлбэ дэд төв” зэрэг дахин төлөвлөлт амжилттай хэрэгжсэн олон ажилтай танилцуулж, туршлага судлуулна” гэв
Сургалт хэлэлцүүлгийг гурван үе шаттай явуулж байна. Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сан, Гэр хорооллын газрыг дахин төлөвлөх үйл ажиллагааны бэлтгэл үе шат, арга зүй, үнэлгээний хороо байгуулах, хэрхэн ажиллах, хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль ба түүний хэрэглээ, барилгын захиалагчийн хяналт хэрэгжүүлэх тухай, хот байгуулалт болон архитекторуудын шийдэл, газар чөлөөлөлт ба нөхөх олговор олгох үйл явц, олон улсын хот төлөвлөлтийн чиг хандлага, орон нутагт гэсэн агуулгын хүрээнд салбар хуралдаануудаар үргэлжилж байна.
Улаанбаатар