СҮХБААТАР: Залуучуудын холбоо улсад шилдгээр шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2026-01-20 14:17:00

Баруун-Урт 2026 оны нэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Сүхбаатар Аймгийн Залуучуудын холбоо 2025 оны ажлаараа Монголын Залуучуудын холбооны 50 гаруй салбар холбоог тэргүүлж “Шилдэг салбар холбоо”-гоор шалгарлаа.

 

Монголын залуучуудын байгууллагын 105, Монголын Залуучуудын холбоо хэмээн нэрээ шинэчилсний 35 жилийн ойн өдрөөр шагналыг УИХ-ын Д.Сүхбаатарын их танхимд шагналыг УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат, МЗХ-ны ерөнхийлөгч Б.Бэлгүтэй нар  гардуулсан бөгөөд энэ нь тус хамт олны дөрөв дэх шагнал юм.

 

Сүхбаатар аймгийн Залуучуудын холбоо нь сүүлийн найман жилд тогтмол идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд 2025 онд удирдлагын бүтэц, бүрэлдэхүүн шинэчлэгдсэн юм. Улмаар шинэ баг хамт олон сумдын салбар холбоодоо шинэчилж идэвхжүүлэхэд онцгой анхаарч байна.

 

68 жилийн түүхтэй Баруун-Урт суманд есөн багийн залуусын төлөөллийг хамруулсан чуулганыг анх удаа зохион байгуулж, салбар холбоо байгуулсан нь онцлог байлаа. Мөн гурван сарын хугацаанд нийт долоон суманд нийт 3000 гаруй залуусын чуулганыг хийж, тус бүрт нь салбар холбооны баг бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулж, сумын удирдлагуудтай хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан юм. Өөрөөр хэлбэл сум тус бүр өөрсдийн онцлогт тохируулан залуусын хөгжлийг дэмжих чиглэлээр ажлаа тодорхойлж, сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаж эхлэв.


 

Сүхбаатар аймгийн удирдлагууд ч залуучуудын байгууллагаа тогтмол  дэмжиж, хамтран ажиллаж ирсэн бөгөөд энэ онд залуусын бүсийн чуулган, спортын анхдугаар наадам зэрэг томоохон ажлуудыг хамтран хийхээр болж, орон нутгийн төсөвт тусгасан байдаг.

 

Тус аймгийн нийт хүн амын 30 хувийг 18-39 хүртэлх насны залуус эзэлдэг. Тэдэнд зориулсан хөгжлийн, оролцооны, хамтын ажиллагааны гээд чиглэл тус бүрээр хийх ажлын нарийн төлөвлөгөөг Залуучуудын холбоо боловсруулжээ. 

Холбоотой мэдээ