СҮХБААТАР: Зэвсэгт хүчний 338 дугаар анги хошууч генерал Ч.Данзангийн нэрэмжит боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2026 оны нэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Зэвсэгт хүчний Барилга, инженерийн цэргийн удирдах газрын харьяа Зэвсэгт хүчний 338 дугаар ангийг хошууч генерал Чимэдийн Данзангийн нэрэмжит болголоо.
Уг ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба оролцож, нэрэмжит болгох тухай Засгийн газрын тогтоолыг гардууллаа. Мөн дэд сайдаар ахлуулсан ажлын баг тус ангиас гадна Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн 168 дугаар тусгай салбарын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзан тэдний санал, сэтгэгдлийг сонссон байна.
Хошууч генерал Ч.Данзан агсны 81 настай охин Д.Амар аавыгаа төрсөн нутагт нь ийнхүү алдаршуулж байгаад Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Журам, зохион байгуулалтын штабын удирдлагад талархал илэрхийллээ.
Зэвсэгт хүчний 338 дугаар анги нь төрийн бодлогын хүрээнд улс орны стратегийн томоохон бүтээн байгуулалтад манлайлан оролцож, Зэвсэгт хүчний болон орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулдаг. Тус анги нь Зэвсэгт хүчний Сахилгын зөрчилгүй тэргүүний анги, Барилга-инженерийн цэргийн “Тэргүүний анги” болон “Тэргүүний салбар”-аар шалгарсан хамт олон юм.
Улаанбаатар