БАЯНХОНГОР: Ажиллах хүчний 15.8 хувь нь төрийн албан хаагч

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2026-01-20 15:23:11

Баянхонгор, 2026 оны нэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг 20 сум, 104 багтай бөгөөд 88,098 хүн амтайгаас 34,389 нь ажиллах хүчинд багтдаг байна.


Аймгийн хэмжээнд 183 төрийн байгууллагад 5462 төрийн албан хаагч ажиллаж байгаа нь нийт ажиллах хүчний 15.8 хувийг эзэлж байна. Нийт төрийн албан хаагчийн 11.5 хувь нь төрийн захиргааны, 0.7 хувь нь төрийн тусгай, 3.4 хувь нь улс төрийн, 84.3 хувь нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарч байна.


Төрийн албаны ерөнхий нөөц бүрдүүлэх Төрийн албаны ерөнхий шалгалтыг 2025 оны 3, 5, 9, 11 дүгээр сард Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан журам, Төрийн албаны зөвлөлөөс гаргасан тов, чиглэлийн дагуу 4 удаа зохион байгуулжээ. Өнгөрсөн онд Баянхонгор аймгаас 380 иргэн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлснээс 296 иргэн орж, ирц дунджаар 77.9 хувьтай байсан байна. Шалгалтад орсон 296 иргэнээс 109 иргэн тэнцэж тус аймгийн төрийн албаны ерөнхий нөөц бүрдүүлэлт өмнөх онуудаас хамгийн өндөр үзүүлэлттэй байсныг Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбараас мэдээлэв.


Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын дагуу 2025 онд төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн нэг удаагийн 30 сул орон тоог нөхөх шалгалтыг нийтэд зарлан, 15 сул орон тоог нөхсөн бол төрийн захиргааны байгууллагын удирдах, нэгжийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалын 103 сул орон тоог нөхөх тусгай шалгалтыг нийтэд зарлаж, 29 сул орон тоог нөхжээ.

Холбоотой мэдээ