БАЯНХОНГОР: Шөнөдөө -43 градус хүрч хүйтэрнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2026 оны нэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Энэ долоо хоногт хүйтний эрч чангарч Галуут, Заг, Байдрагийн хүрэн бэлчрээр шөнөдөө -38 -43 градус, өдөртөө -25 -30 градус, хангайн бусад нутаг, тал хээрийн нутгаар шөнөдөө -35 -40 градус, өдөртөө -23 -28 градус, Алтайн салбар уулс, говийн нутгаар шөнөдөө -29 -34 градус, өдөртөө -19 -24 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө -24 -29 градус, өдөртөө -13 -18 градус хүйтэн байхыг аймгийн УЦУОШГ-аас мэдээлэв.
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалах эрсдэлээс малчид, тээвэрчид, жолооч нар сэрэмжтэй байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.
Өвлийн улиралд малын бэлчээрлэлтэд нөлөөлөх хүйтэн цаг агаарын нөхцөлийг агаарын температур, салхины хурдны хослолоор илэрхийлдэг бөгөөд малын бэлчээрлэлт агаарын температур -32 градус хүрэхэд хүндэрч, -41 градус хүрэхэд саатдаг байна.
Иймд малыг хэвтрээсээ даарахаас хамгаалах, хашаа, саравчны дулааныг алдагдуулахгүй хадгалах, хүйтний оргил өдрүүдэд тэжээлийн хэмжээг нэмэгдүүлэх, хужир шүү нэмэлтээр өгөх зэрэг арга хэмжээг авч ажиллахыг анхаарууллаа. Ялангуяа их хүйтэнд бог мал хашаа, хороо, нөмөрлөх газар олноор бөөгнөрснөөс дарагдаж үхэж хорогдох эрсдэл үүсдэг тул малчид малаа ойрын бэлчээрт энгэр, ээвэр, нөмөр газруудаар бэлчээрлүүлэхийг зөвлөв.
Мөн цаг агаарын богино хугацааны урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрд хүлээн авч, хол, ойрын замд гарахдаа тухайн газар орны онцлогийг судлах, шаардлагагүй бол замд гарахаа түр азнахыг зөвлөж байна. Хувийн бэлтгэл, бэлэн байдлыг хангаж, дулаан хувцаслах, авто машин, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгах, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах нь чухал юм. Мөн гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байх, баталгаат зам, гарцаар зорчих зэргээр аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхааруулж байна.
Нийт иргэдийг гадаа ил зогсоолд машинаа хонуулахдаа заавал хучлагаар хучиж, хөлдөх эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна. Мөн авто замд мөстөлт үүсдэг тул огцом тоормослох, хурдтай зорчихоос зайлсхийх хэрэгтэй. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, ялангуяа хасах градуст аккумуляторын ажиллагаа муудах эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна.
Аян замд гарахдаа тээврийн хэрэгсэлдээ нэмэлт дулаан хувцас, гар чийдэн, анхны тусламжийн хэрэгсэл авч явах, хөдөө орон нутгийг зорихдоо цасны гинж бэлтгэх, авто машины хөлдөлтийн түвшнийг шалгахыг мөн зөвлөжээ.
Улаанбаатар