БУЛГАН: "Данзангийн зам" 60 жилийн өмнө ганц хүний гараар бүтсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2026-01-20 08:53:06

Булган, 2026 оны нэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/ Булган аймагт “Данзангийн зам” хэмээх гурван зам бий. Хад чулуу, хайргатай хамар уулыг сэтэлж, машин, хөсөг, тэргээр зорчих боломжтой болгосон энэхүү замыг Данзан гуай гар сэтгэл, хүсэл, хөдөлмөрөөрөө бүтээжээ. Одоо уг замаар олон хүн зорчиж, төв зам шиг болсон байна.


Булган аймгийн төв, Зүүнтүрүүний айлуудын хооронд морь, машин, явган, хөсөг тэргээр саадгүй зорчих боломжтой Даш мэргэний даваа оршдог. Энэхүү замаар дайран өнгөрөх тээврийн хэрэгслүүд тоос татуулан давхидаг их хөлийн зам юм.

Одоогоос 60 гаруй жилийн өмнө Зүүнтүрүүний голын баруун талын хад асгатай газрыг налуулан уруудуулж, өргөн замыг зассан бөгөөд нутгийнхан үүнийг “Данзангийн зам” хэмээн андахгүй мэддэг ажээ.


Хэн, хэзээ, хэрхэн хөдөлмөрлөж, уг замыг зассан нь тодорхойгүй ч, ганц хүний хөдөлмөрөөр бүтсэн зам гэдгийг нутгийн олон хүн бахархалтайгаар ярьдаг. Энэ талаар түүний зээ охин, Нямсүрэнгийн Сүрэнжав гуайтай уулзаж ярилцлаа.


-Таны өвөө Данзан гуай ямар эрдэм чадалтай хүн байв?

-Бидний өвөө Онгууд овогтой Данзан нь 1898 онд одоогийн Булган аймгийн Халиун суманд төрсөн. Багаасаа сүм хийдэд шавилан сууж, төвөдийн шашны гүн ухаанд суралцсан бөгөөд төвөд хэлээр чөлөөтэй ярьж, бичиж сурсан. Өвөө маань өвдөж шаналсан, айж ичсэн хүмүүст ном уншиж, засал хийн, эм тан өгдөг байжээ. Тэрбээр ялангуяа нялх нярай хүүхдэд их ээлтэй хүн байсан гэдгийг нутгийнхан дурсан ярьдаг.

1930-1940 оны хэлмэгдүүлэлтийн жилүүд түүнийг тойрсонгүй. Баривчлагдан байцаагдаж, хоригдож байсан боловч аз таарч суллагдсан байна. 1944 оны хавар тэрбээр аймгийн төвд сувилагчийн курст суралцан төгсөж, багийн болон сумын эмнэлэгт 12 жил сенитраар ажиллаж байв. Үүний дараа олон жил Булган аймгийн Усны аж ахуйн удирдах газар манаачаар ажиллаж, өндөр насны тэтгэвэрт гарчээ.


-Данзан гуайн замын ажил хэзээ яаж эхэлсэн бэ? 

-Гуравдугаар таван жилийн төлөвлөгөөний анхны жил эхэлж, ажилчин хүний урам зориг бадран шинэ төлөвлөгөөт ажилд орж байв. Энэ хөдөлгөөн Булган аймгийн Усны аж ахуйн удирдах газрын манаач өвөөгийн минь сэтгэлд нэгийг бодогдуулж, энэ их хөдөлгөөнд чухам юугаар тус болохоо дотроо боджээ 


Зүүнтүрүүний иргэд болон тэнд байрлах үйлдвэр, албан газрын ажилчид голын хүрэм, хад, асгаар байнга явган зорчиж, Булганы бүх унаа хөсөг Зүүнтүрүүний голын бүр баруунтайгаар тойрдог байжээ. Бороо, цас орсон үед болон гол үерлэвэл зорчих боломжгүй болдог байжээ.


Тэгээд тэр голын баруун хүрмийн гүвээг засаж, зам гаргах санаа түүний толгойд орж иржээ. Энэ үйлдэл нь хэн нэгний заавар, шахалт бус, өвөөгийн эрмэлзэл, эрхэм нандин хүсэл, чин зориг, эх оронч сэтгэлээрээ хийсэн бүтээл байлаа.


-Данзан гуай замаа ганцаараа хэр удаан зассан бэ? 

-1961 оноос эхлэн идэр гурван есийн хүйтэнд даарч, бээрч, аагим зуны халуун наранд халж ажилласан ч, түмэн олонд тустай юм хийж байгаагаа бодон, эцэж цуцахаа умартан хөдөлмөрлөсөн. Ингэсээр 1965 он хүртэл хурц багажны ирээр гүвээ, хүрэмний хад, асгатай чулууг дийлж, сэт цохин өргөн зам гаргажээ.

Өвөө минь манааны ажлаасаа буугаад л зам руугаа явдаг байсан бөгөөд эмээ “Дэмий юм хийлээ, ядарч эцлээ” гэж үглэдэг байсан ч тэрээр зогсоогүй. Хүүхдүүд нь туслахыг оролддог ч, өөрийн хүсэл сонирхлоор ганцаараа засаж дуусгасан гэдэг. 


-Ямар хэмжээтэй зам зассан бэ?

-Замын урт нь 150 метр, өргөн нь 4-8 метр бөгөөд замаас гарсан 300 машин чулууг аймгийн барилгын байгууллага газар тэгшлэн ашигласан гэдэг. Үүнээс гадна хоёр замыг зассан байна.


Энэ замын нарийвчилсан тооцоо судалгаа 1966 оны "Үнэн" болон "Залуучуудын үнэн" сонинд нийтлэгджээ. Өвөөгийн минь бодож сэтгэсэн, хүч чармайлтаар гаргасан ажлыг нь дэмжиж, зассан замд нь залган модон гүүр барьж ашиглалтад оруулсан нь түүний магнайг тэнийлгэсэн  гэдэг. Энэхүү ажлыг нь төрөөс өндрөөр үнэлж, Ардын хувьсгалын 50 жилийн ойн медаль, Талархлын бичиг болон 300 төгрөгөөр шагнаж байжээ.


-Өөр хаана хаана зам зассан бэ?

-Усны аж ахуйн чигтэй хоёр дахь замаа 1970-аад оноос засаж эхэлсэн. Анх 1953 онд Орхон сумын Бийрийн хүрмэн чулуун хавцлыг сэтэлж нэг орц зам гаргасан нь хүмүүст ихээхэн тустай ажил болж, одоо ч малчид нүүдэл суудал хийх, машин тэрэг, мал амьтан хөдөлгөөнд орох зам болгон ашигладаг байна. Хавар цагт ус татарч, уулнаас цас авахад хол, хэцүү байсан тул Бийрийн хавцлыг сэтэлбэл цаанаас нь ус авах боломжтой байв. Ийм шалтгаанаар 10 орчим метр урт, 2–3 метр өргөн зам гаргасан түүхтэй. 


-Төрийн ажил нь манаач хувийн ажил нь зам засварчин энэ хүн хүүхдүүдээ анхаарах цаг байсан уу?

-Байлгүй яахав. Ач, зээ нартаа цаг гарган уйгуржин монгол бичиг зааж, ямар ч байсан дориун уншдаг болгочихсон хүн дээ. Өвөө минь хэлмэгдүүлэлтийн он цагийг туулж, дараа нь гурван газрын хад асга дамнасан замыг ганцаараа засаж, хүнд хүчир хөдөлмөр хийсэн ч үр хүүхэд, ач зээдээ үндэсний бичиг үсгээ заан сургаж, түмэн олондоо шашин номын авшиг хүртээж, эмийн ургамал болон тан барьж 84 насыг элээсэн нь сайн аав, сайхан хань байсныг гэрчилнэ.


-Шашин номын үнэт судар ихтэй байсан уу? 

-Эрт цагийн шашны олон ховор ном судар, бүрхан тахилын цуглуулгатай байсан ба тэдгээрийг өвөө минь маш ихээр хайрлан хамгаалдаг байв. Тэрээр номыг засах, сэлбэх, хуулбарлан олшруулах, монгол хэлнээ хөрвүүлэх зэргээр огт зүгээр суудаггүй, маш ажилсаг хүн байлаа. Судар бичгийн хүрээлэнгийн эрдэмтэн, зохиолч Цэндийн Дамдинсүрэн гуай жил бүр ирж, ном судар солилцож, түүхийн ховор номуудаас нь авч, судалгаа шинжилгээнд ашигладаг байсан. Хожим өвөөгийн минь хадгалж, хэрэглэж байсан эдгээр үнэт зүйлсийг Судар бичгийн хүрээлэн, аймгийн музей, хийд зэрэг зохих шатны байгууллагуудад хандивласан юм. Тухайн үед, 1991 онд, Дашчойнхорлин хийдийн лам нар ГАЗ-51 авто машинаар ном судар, шашны үнэт зүйлсийг татан авч, ээж Нямсүрэнд маань талархлын гэрчилгээ олгож байжээ. 


-Данзан хэмээх айлын үр хойч хэр олуулаа болов?

-Урт цагаан сахалтай, уужим холын бодолтой өвөөгийн минь нэгэн насны хань нь бидний эмээ, Дуламсүрэн гэж бахим том биетэй эмэгтэй байсан. Замын ажлаа хийж яваад орой эцэж сульдсан өвөө минь тоос шороо, хөлстэй холилдсон үедээ эмээд минь үглүүлдэг байв.

Энэ заслын өвгөн буруу зөнөөд, нэг өдөр хад чулууны нурангид дарагдаж үхэх вий дээ. Үүрийн таван жингээс үдшийн бүрий хүртэл улаан гараараа ганцаараа хадны ёроол нүдээд, “Чулуу нураад дарчихвал хэн ч мэдэхгүй өнгөрөх байх даа” гэж үглэдэгсэн. Өвөө, эмээ хоёр маань хүү, охин хоёртой, үр удам нь үржээд тавь гаруй ач зээтэй болсон.

Хүү Жадамба нь олон жил багшаар ажилласан, “Мунан” хэмээх хочтой, аймгийн арслан цолтой бөх хүн байв. Охин Нямсүрэн нь багаасаа эхлэн мал малласан, орсон гарсан хүн болгоныг цай хоолоор дайлж, нутаг усандаа нэр хүндтэй, үйлэнд уран, олон сайхан хүүхдийн ээж, эмээ, буурай байлаа.


Өвөө минь бид бүгдийн шүтээн, авралын бурхан юм шүү дээ. Өвөөгийнхөө дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор 2018 онд Зүүнтүрүүний замын дэргэд дурсгалын самбар босгосон бөгөөд цаашид төлөвлөсөн олон зүйлс байгаа хэмээн түүний зээ, охин яриагаа өндөрлөсөн юм.




Холбоотой мэдээ