“Дакар ралли-2026” өндөрлөхөд хоёр гараа үлдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2026-01-16 10:38:27

Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Автомашины олимп хэмээн нэрлэдэг 48 дахь удаагийн “Дакар ралли” уралдаан өндөрлөхөд ердөө хоёрхон гараа үлджээ.


Энэ сарын 5-нд хөшгөө нээж байсан тус уралдаан оролцож буй тамирчид 11 гарааны ард гарчээ. 11 дэх гараа тамирчдын хувьд бүрэн утгаараа хурд авхаалж, самбаа зураг унших чадвар сорьсон өдөр байлаа. Тал нутгаас Дакарт төслийн тамирчин Э.Халиунболдын хувьд зургийн алдаа гаргалгүй жигд явсаар нийт замыг 3 цаг 39 минут 39 секундээр 20, “Ралли-2” ангилалдаа есдүгээр байрт жагсав. Тэгвэл олон улсын хэмжээний мастер П.Мөрөн 3 цаг 43 минут 03 секундээр нийт тамирчидаас 29-д, Ралли-2 төрөлдөө 18 дугаар байрт бариандаа орсон байна.


Өнөөдөр уралдааны 12 дахь гараа эхлэх бөгөөд тамирчид Аль-Хенакиях хотоо Янбугийн зүг хүлгийн жолоо зална. Нийт замын урт 720 км бол үүнээс уралдааны цаг тооцох нь 311 км байх аж. Нийт замыг 53 хувийг шороо, 22 хувийг элс, 4.0 хувийг элсэн манхан, 21 хувийг дайрга эзэлж байгааг “Тал нутгаас Дакарт” төслийн багаас мэдээлэв. Энэ өдрийн гарааг Дакар Ралли”-гийн зохион байгуулагчид “Уралдааны явцад тохиолдсон бүх л төрлийн замыг багтаасан өдөр байна” хэмээн онцолж бичжээ.









Холбоотой мэдээ