Дэлхийн дулаарлаас үүдэн өвлийн Олимпын хотууд цөөрнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2026-01-16 09:26:56

МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 16 /РИА Новости/.  Дэлхийн дулаарлаас үүдэн өвлийн Олимпын наадмыг зохион байгуулах боломжтой газруудын тоог цөөлөх тухай асуудлыг Олон улсын Олимпын хороо /ОУОХ/ хэлэлцэж байна. Энэ нь тус хорооны өвлийн уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулах газруудыг сонгох асуудал эрхэлсэн хорооны дарга Карл Штоссын хийсэн мэдээллээс үүдэлтэй ажээ.  


Тодруулбал, Ватерлоо их сургуулийн профессор Д.Скотт, Инсбрукийн их сургуулийн доцент Р.Штайгер нарын хийсэн судалгааг үзвэл, өнөөдрийн байдлаар дээд зэрэглэлийн тэмцээн уралдаан явуулахад хангалттай дэд бүтэц бүхий 93 уулын байрлалаас ердөө 52-д нь цасны зузаан ба агаар хэм 2050-иад оны үед өвлийн Олимын тоглолтыг зохион байгуулахад шаардлагатай түвшинд байх ажээ. Харин 2080 он гэхэд нүүрсхүчлийн хийг хэр бууруулснаас шалтгаалан шаардлага хангахуйц газрын тоо 30 болтлоо цөөрнө. Түүнээс гадна, энэ зууны дунд үе гэхэд, өвлийн спортын уралдаан тэмцээнүүдийг хиймэл цасгүйгээр зохион байгуулах боломжтой газар үндсэндээ байхгүй болох гэнэ.


2050-иад он гэхэд өмнө нь өвлийн Олимпын нийслэл гэгдэж байсан Гренобль ба Шамони (Франц), Гармиш-Партенкирхен (Герман), Сочи /Орос/ хотууд уур амьсгалын найдвартай байдлын шалгуурт тэнцэхгүй болох ажээ. Түүнчлэн Ванкувер (Канад), Сараево (Босни Херцеговин), Осло (Норвег), Палисейдс Тахо (АНУ) зэрэг газрууд уур амьсгалын өндөр эрсдэлтэй бүсүүдийн тоонд орно.


К.Штосс цааш нь ярихдаа, ОУОХ уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан өвлийн Олимпын спортын төрлүүд, тамирчид, үзэгчдийн тоог цөөрүүлж магадгүй гэдгийг хэллээ. Түүнээс гадна, уралдаан тэмцээн болох хугацааг наашлуулах асуудлыг хэлэлцэж байгаа ажээ. Учир нь, Олимп дууссанаас хойш хоёр долоо хоногийн дараа болдог Паралимпын үеэр хэт дулааран, бараг хавар болж, уралдаан тэмцээн явуулахад хүндрэлтэй болдог. Хэрвээ хоёр Олимпыг гурван долоо хоногоор нааш нь татвал тэдгээрийг зохион байгуулах боломжтой газруудын тоо бараг хоёр дахин өснө гэдгийг судалгааг хийсэн эрдэмтэд онцолжээ.


Хэдхэн хоногиййн дараа хоёрдугаар сарын 6-нд Италийн Милан ба Кортина-д'Ампеццо хотуудад өвлийн Олимпын наадам эхэлнэ. Харин 2030 оны өвлийн Олимп Францын Альпийн нуруунд, 2034 оны өвлийн Олимп АНУ-ын Солт-Лейк-Сити хотод явагдана.

   

 

 

Холбоотой мэдээ