ӨМНӨГОВЬ: Хүүхдийн амжилт эцэг эхийн оролцоотой холбоотой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2026 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Даланзадгад суманд “Боловсролын шинэчлэлд эцэг эхийн үүрэг, оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 14-нд зохион байгуулж, хүүхдийн боловсрол, хөгжилд эцэг эхийн идэвхтэй оролцоо чухлыг онцлов.
Хурлыг Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтнуудын дунд зарласан юм.
Нээлтийн үйл ажиллагаанд Өмнөговь аймгийн Боловсролын газрын дарга Д.Баасанхүү оролцож, олон улсын судалгааны үр дүн, Монголын эцэг эхчүүдийн боловсролын талаарх нийтлэг ойлголт зэрэг сонирхолтой илтгэлүүдийг танилцуулсан байна.
Хурлын онцлог нь эцэг эх, асран хамгаалагч нар зочин илтгэгчээр оролцож, өөрсдийн туршлага, сэтгэгдлээ хуваалцсан явдал байв. Мөн багш нарын илтгэлүүдийг сонсох боломжтой болсон нь оролцогчдын сонирхлыг нэмэгдүүлжээ.
Хурлын нэгдүгээр шатанд ерөнхий боловсролын сургуулийн 84 багш, сургуулийн өмнөх боловсролын 48 багш нийт 58 илтгэл ирүүлсэн бөгөөд хоёрдугаар шатанд 25 багшийн 10 илтгэл шалгарч, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
Сургуулийн өмнөх боловсролын түвшинд:
-
Тэргүүн байр: Даланзадгад сумын 24 дүгээр цэцэрлэгийн багш А.Анхтуяа “Гэр бүлийн номын сангаар хүүхдийн ойлгох чадварыг дэмжих эцэг эхийн оролцоо”
-
Дэд байр: Даланзадгад сумын 25 дугаар цэцэрлэгийн багш О.Дөлгөө “Зохиолд суурилсан арга зүйгээр дамжуулан эцэг эхийн дэмжлэгтэйгээр бага насны хүүхдийн утгын холбоотой ярих чадварыг нэмэгдүүлэх”
-
Гутгаар байр: Цогт-Овоо сумын 12 дугаар цэцэрлэгийн багш И.Үүрийнтуяа “Дуулалт, жүжгээр дамжуулан хүүхдийн унших сонирхол, хэл яриа, нийгмийн чадварыг хөгжүүлэхэд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлсэн туршлага”
ЕБС, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын түвшинд:
-
Тэргүүн байр: Цогтцэций сумын нэгдүгээр сургуулийн багш Ц.Билгүүн, С.Цэрэнжаргал, Б.Цэнд, О.Цэнджаргал нарын “Уул уурхайн бүс нутгийн эцэг, эхийн завсрын оролцоо-асуудал, шийдэл”
-
Дэд байр: Даланзадгад сумын 4 дүгээр сургуулийн багш Г.Нандинсувд, Г.Төржаргал, С.Оюунцэцэг, Ж.Байгалмаа, Б.Мөнгөнцэцэг нарын “Эцэг эхийн оролцооны нөлөө ба хүүхдийн сурлагын ахиц”
-
Гутгаар байр: Даланзадгад сумын 5 дугаар сургуулийн багш О.Өнөржаргал, Т.Мөнхсайхан, М.Мөнхтуяа, Л.Аззаяа, Д.Дуламсүрэн нарын “Сургалтын цахим платформуудын үр дүнг эцэг эхийн дэмжлэгтэйгээр нэмэгдүүлэх нь” сэдэвт илтгэлүүд шалгарчээ.
Улаанбаатар