ХӨВСГӨЛ: Хөвсгөл нуурт хяналтын пост ажиллаж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2026 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Хөвсгөл нуурын мөсний зузаан хүн мал, машин техник явах хэмжээнд хүрч нягтаршиж бэхжээгүй, хар цагаан хил ихтэй байгааг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байгаа хэдий ч иргэд, тээвэрчид, аялагч, амрагчид тус нуурын мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдсээр байгаа юм.
Иймээс Хатгал тосгоны захирагчийн алба, Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр анги, Хатгал тосгоны Цагдаагийн хэлтэс, Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа хамтран иргэдийн аюулгүй байдлыг хангуулах, өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгөд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хяналтын пост ажиллуулж эхэллээ.
Иймд иргэд, малчид, тээвэрчид, аялагч амрагчид алба хаагчдын тавьж буй шаардлагыг даган биелүүлж, хориглох тэмдэг тэмдэглэгээ байршуулсан эрсдэл их газруудаар зорчихгүй байхыг анхааруулж байна.
Хөвсгөл нуур Хатгал тосгон болон Ханх сум орчимд хадаалж, битүү мөсөн бүрхүүл тогтсон бөгөөд мөсний зузаан нь 55-65 см болж олон жилийн дунджаас 10 см-ээр бага байна.
Хөвсгөл нуурын
мөс өвлийн адаг сард 70-80 см орчим зузаантай хөлддөг бөгөөд 120-150 см орчим
зузаантай болох үед нь хангалттай хөлдсөн гэж үзэж "Мөсний баяр"
хийдэг билээ.

Улаанбаатар