Крикетийн ДАШТ-ий цомыг Монголд аялуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2026-01-15 10:21:55

Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Энэтхэг болон Шри-Ланк улсад хоёрдугаар сарын 7-нд хөшгөө нээх крикетийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний цомыг Монгол Улсаар аялуулж байна.


Нэг сарын хугацаанд үргэлжлэх энэхүү цомыг монголчуудад танилцуулах үйл ажиллагаа гурав хоног үргэлжлэх бөгөөд  төв талбайд олон нийтэд өчигдөр үзүүллээ. Ёслолын үйл ажиллагаанд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Биеийн тамир, спортын улсын хороо, Олон улсын крикетийн холбоо, Монголын крикетийн холбооны төлөөлөл, тамирчин дасгалжуулагч, сонирхогч, хөгжөөн дэмжигчид оролцсон байна. Крикетийн ДАШТ-ий цомыг эрх авсан цөөн оронд аялуулдаг уламжлалтай бөгөөд Монголын крикетийн холбооноос энэхүү эрхийг авч, Катар, Оман, Непал, Бахрейн улсын дараа аялуулж буй Азийн цөөхөн орны нэг болжээ.


Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний цомыг Чингис хаан” үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр байршуулна. Түүнчлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх Крикетийн талбай,  Чингисийн морьт хөшөө, Гандантэгчэнлин хийд, Чингис хааны хүрээ цогцолбороор аяллыг үргэлжлүүлэх ажээ. Энэ удаагийн Крикетийн ДАШТ-д шилдэг 20 орны баг шалгарч оролцох бөгөөд 2028 онд зохион байгуулах Лос Анжелесын олимпын хөтөлбөрт энэхүү спортын төрөл багтсанаараа онцлог юм.











Холбоотой мэдээ