Хөнгөн үйлдвэрийн дэд салбарыг дэмжихийг хүсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2026-01-14 12:26:02

Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайд тэргүүтэй зохих албаныхан хөнгөн үйлдвэрийн салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй уулзаж, тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ.


Энэ үеэр шинээр боловсруулж буй хууль эрх зүйн баримт бичгүүдийн тухай мэдээлж, төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслийн саналаа танилцуулж, шийдэл, хамтын ажиллагаа болон эрх зүйн орчныг сайжруулах тухай санал солилцсоныг тус яам мэдээлэв.


Тухайлбал, мэргэжлийн нэгдсэн холбооны тухай хуульд өөрчлөлт оруулах, аж ахуйн нэгжийн албан татвар, НӨАТ, нийгмийн даатгалын шимтгэл зэрэгт татварын таатай орчин бүрдүүлэх, экспортыг үйлдвэрлэгчдэд харилцан ашигтай зохистой хэлбэрээр дэмжих, импортын бүтээгдэхүүний стандартыг сайжруулахыг мэргэжлийн холбооны төлөөлөгчид хэлж байлаа. Мөн дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах, үндэсний үйлдвэрлэлээ төрийн худалдан авалтаар дэмжих эрхзүйн орчин бий болгох, “Эх оронч худалдан авалт” зэрэг тодорхой ажил хийх, салбар хоорондын хамтын ажиллагаа кластер үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг санал тавьжээ.


Талууд “Цагаан алт” зэрэг үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлж, үр дүнд хүрч байгааг онцлон, хөнгөн үйлдвэрийн дэд салбарыг дэмжих хөдөлгөөн өрнүүлэх санал дэвшүүлж, салбарын хөгжлийн төлөө тодорхой шийдэлд хүрч, хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.


Уулзалтад ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн, Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Жавхлан, Монголын сав баглаа боодол, Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, Ойчид, модны үйлдвэрлэл эрхлэгчид, Арьс ширний үйлдвэрлэл, Хэвлэлийн үйлдвэрүүд, Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн, Ноос, ноолуурын болон Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо, Гоо сайхны бүтээгдэхүүний кластер ТББ-ын төлөөлөгчид оролцжээ.

 

Холбоотой мэдээ